Хятадын сарны аппарат судалгаагаа эхлүүлжээ
Энэ оны нэгдүгээр сарын 3-нд сарны ар талд газардсан, Хятадын "Чанъэ-4" аппарат судалгаагаа үргэлжлүүлэхээр унтлагын горимоос өөрөө "сэрсэн" тухай “Sina” цахим хуудас мэдээлжээ.
Тус цахим хуудсанд мэдээлснээр, сарыг тандагч лхагва гарагт Бээжингийн цагаар 13 цаг 26 минутад "сэрсэн" байна. "Чанъэ-4" аппаратын хувьд энэ нь дэлхийн хоногоор бол 14.5 орчим өдөр үргэлжилдэг, сарны долоо дахь өдөр болж байгаа аж.
"Чанъэ-4" аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн юм. Уг аппаратыг сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээжээ. "Чанъэ-4" нэгдүгээр сарын 3-нд сарны нөгөө талд амжилттай газардсаныхаа дараа дэлхийн цорын ганц дагуулын ар талын гадаргуугийн анхны зургийг авсан билээ. Хятадын эрдэмтэд одоо "Чанъэ-5" аппаратыг бүтээж эхэлсэн бөгөөд сарны тойрог замд оруулахаар төлөвлөжээ. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.