Солирууд дэлхийг экологийн сүйрлээс аварна

Солирууд дэлхийг экологийн сүйрлээс аварна

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ гараг хоорондын “OSIRIS-Rex” автомат станц хөрсний дээж авахаар Бенну солир дээр энэ сарын эхээр буусан билээ. Ирэх жил Хятад улс өрөмдлөгийн төхөөрөмж бүхий "Чанъэ-5" аппаратыг сар руу хөөргөнө. Эдгээр ажиллагаануудын гол зорилго нь ашиг малтмалын хайгуул хийх юм. Учир нь хүн төрөлхтөн сансрын нөөц баялаггүйгээр Нарны аймгийг эзэмшиж чадахгүй.
Сарны уурхай
Хятад улс дөрөв дэх аппаратаа сар руу хэдийнээ амжилттай илгээсэн билээ. Тус улс одоогоор сарыг судлах хөтөлбөр хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц улс юм. Манай гарагийн цорын ганц дагуулын гадаргуу дээр автомат эсвэл хүн оршин суудаг бааз байгуулснаар уг хөтөлбөр дуусгавар болох ёстой аж.
Амьдралыг дэмжих тогтолцоог хамгаалах, багийн бүрэлдэхүүнийг цацраг туяанаас хамгаалах, эрчим хүч, машины эд анги, барилга байгууламжийн хэсгийг хэвлэх 3D принтер ашиглахад, пуужингийн түлш үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөөцийг ашиглахгүйгээр Саран дээр байнгын модуль байрлуулах боломжгүй байна.
Сарыг эзэмших зөвхөн эхний шатанд 200 тонн хүчилтөрөгч, 50 тонн устөрөгч шаардлагатай болохыг Оросын Шинжлэх ухааны академийн В.И. Вернадскийн нэрэмжит Геологийн хими болон аналитик химийн хүрээлэнгийн эрдэмтэд тооцоолон гаргажээ. Энэ бүхнийг дэлхийгээс хүргэнэ гэвэл хэтэрхий үнэтэй тусна.
Дэгдэмхий органик нэгдэл бол онцгой үнэ цэнтэй нөөц юм. Аммиак, нүүрстөрөгчийн дутуу исэл, хөнгөн нүүрс устөрөгч зэрэг уг нэгдэл нь Сарны туйлуудад хөлдүү хэлбэрээр оршин байдаг аж. Сарны хөрсөнд хүчилтөрөгч, металлууд, цахиур агуулагддаг бөгөөд эдгээрийг газар дээр нь олборлох нь маш чухал.
Сарны хөрснөөс олборлосон ашигт малтмалыг боловсруулах, хадгалах технологийг идэвхтэй боловсруулсаар байгаа билээ. Гэхдээ эхлээд ашигт малтмалыг хайж олох хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл Сарны янз бүрийн хэсгээс дээж авна гэсэн үг юм. Ингэхийн тулд Оросын Геологийн хими болон аналитик химийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд геологич-робот бүтээж байгаа аж.
Солирын ус ба никель
Хоёр жилийн өмнө NASA-гийн “OSIRIS-Rex” аппарат хагас км-тэй тэнцэх хэмжээтэй жижигхэн солир Беннугийн зүг чиглэлээ авчээ. Уг аппарат зорилгодоо хүрч 12 дугаар сарын 3-нд анхны ажиглалтаа хийсэн байна. Солирын гадаргуугаас гидроксил ОН бүлгийг илрүүлжээ. Үндсэндээ энэ нь зөвхөн шаварлаг эрдсүүдийн талстын бүтцэд түгжигдсэн ус аж.
“OSIRIS-Rex” аппарат хэсэг хугацаанд солирын өмнө нь нисч, сансрын уг биетийг зайнаас судлах бөгөөд дараа нь ойртож очин гадаргуу руу нь азотоор буудаж, боссон тоосных нь дээжийг авах юм. Энэ үнэ цэнтэй дээжээ уг аппарат 2023 онд дэлхийд авчирна.
Тэр үед NASA ээлжит эрлийн ажиллагаагаа Психея солир дээр эхлүүлнэ. Тэнгэрийн энэ том биетийн голч нь 200 гаруй км ажээ. "Шпицер" сансрын дурангаар уг солирын гадаргуугаас силикат, гидроксил бүлэг, мөн эрдэмтдийн таамаглаж байгаагаар металл хэсгүүд бүхий маш нягт бодис илрүүлжээ. Энэ бүхнээс харахад Психея нь Нарны аймгийг үүсэн бий болоход үүссэн гэж таамагладаг, дэлбэрч сүйрэхээсээ өмнө үе үеэрээ салж амжсан жижиг гарагийн цөм аж. Уг солир нь бүхэлдээ төмөр болон никелиэс /диц буюу хайлц муутай мөнгөлөг цагаан төмөрлөг/ бүрдсэн бөгөөд зөвхөн гадаргуудаа элсэрхүү нимгэн давхаргатай гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлхийн бус эдийн засагХүн төрөлхтний хувьд ховор эсвэл нөөц нь шавхахад ойрхон байгаа алт, кобальт, төмөр, рутин, висмут, молибден, магни, никель, палладий, цагаан алт зэрэг ашигт малтмалын эх үүсвэрийг тун удахгүй сансар огторгуйгаас хайхаас аргагүйд хүрнэ гэж судлаачид үзэж байна.
Орчин үеийн технологийн ачаар сар болон солир дээр XXI зууны дунд үе гэхэд уурхай ашиглалтад оруулах боломжтой болох гэнэ. Тэнд хайгуулын роботууд буюу ойролцоогоор 200 кг жинтэй аппаратууд ажиллах бөгөөд ийм роботууд сансарт олноор нь хөөргөх аж.
Солироос ашигт малтмал олборлохын тулд эдийн засгийн хувьд ашигтай байсан байна. Хайгуулын роботуудыг хүргэх болон ачаатай буцах тээврийн өртөг хямд байх ёстой.
Эдийн засгийн үүднээс авч үзвэл, нарны салхины нөлөөллөөр хөрсөн дээр гелий-3 бодис хуримтлагддаг саран дээр олборлолт явуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ бодисыг олборлодог орд газар дэлхийд байхгүй бөгөөд цөмийн аж үйлдвэрт зөвхөн судалгааны зорилгоор жилд хэдэн арван кг-ыг гарган авч боловсруулдаг байна.
1980-аад оны эцсээр халуун цөмийн эрчим хүчний салбар амжилттай хөгжсөнтэй холбоотойгоор Гелий-3 бодисыг сонирхож эхэлжээ. Энэ бодисыг соронзон плазмыг хязгаарлах төхөөрөмжийн түлшний хувиар хэрэглэж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд дэлхийн эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой гэж эрдэмтэд мэдэгджээ.
Сансар огторгуйн уурхайн салбарыг ашигтайг нотлох өөр нэг зүйл бол экологитой холбоотой. Нарны зай, хурдасгуур зэрэг ногоон технологид ашиглагдаг ялангуяа цагаан алтны төрөлд хамаардаг зарим ховор элемент үүнд хамаатай. Эдгээр ховор элементийн орд газрууд маш ховор бөгөөд нөөц нь шавхагдаж байгаа учир уурхайг гүнзгий ухах шаардлагатай байдаг аж. Харин эдгээрийг сансрын бусад биетээс олборлосноор манай гарагийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг эрс багасгана.


МОНЦАМЭ
скачать dle 12.0