З.Энхболд: Х.Энхжаргал гурван жил үхсэнээ хийж байсан юм
Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, шинээр томилохоор МУ-ын ерөнхийлөгчөөс санал оруулсан нэр дэвшигчдийг томилох эсэхийг хэлэлцэх үеэр АТГ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдөж буй Х.Энхжаргал хэд хэдэн анхаарал татсан мэдээллийг байнгын хорооны гишүүдэд өгсөн.
Тэрбээр, “Намайг томилогдож ажилласнаас хойших 2 жил 10 сарын хугацаанд болж өнгөрсөн бүх зүйлийг албан ёсны хүмүүс албан ёсоор ойлгоод, олон нийтээс мэдээлэл авсан хүмүүс нь тэр мэдээллийнхээ хүрээнд ойлголттой байсан болов уу гэж бодож байна. Авилгын индекс 103 руу орсон энэ жил арай дээрдэж 93 болсон. Хамгийн их саад болсон зүйл нь бонд босгож гаднаас зээл аваад, түүнийгээ замбараагүй үрчхээд 2015 онд өршөөлийн хууль гаргаж 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөчихсөн явдал. Энэ нь олон улсад очоод Монгол улсын нэрийг пад хар болгосон” хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл үүн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Х.Энхжаргал ажлаасаа халагдахынхаа урд өдөр хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй байхгүй юу. Ямар ч 33 их наядын хэрэг байхгүй. 2015 онд Эдийн Засгийн ил тод байдлын хууль гарлаа. Бондын мөнгө 2012 оны 12 сард орж ирсэн. Зарцуулагдаагүй байсан. 2014, 2015 онд зам барьж, 15 мянган айлын орон сууцны дэд бүтэц байгуулсан. 1 их наяд төгрөгийг ЖДҮ-гийн зээлэнд өгсөн. Бондын мөнгө бүхэн эзэнтэй. 33 их наяд төгрөгийнхөө эздийг зарла гэж хэллээ. МАН-ынхан үүнийг хийж болно.
Бүхэл бүтэн гурван жил өнгөрөөд байхад шалгахгүй юугаа хийгээд байгаа юм бэ. Дараагийн сонгууль болох гэж байхад юу яриад байна аа. Харин ч Бондын мөнгө шиг зарцуулалт нь ил тод зүйл байхгүй. Бүх зарцуулалт нь тухайн үеийн УИХ дээр ил тайлагнасан.
33 их наядаас нь хэн гэдэг бизнесмен авсныг нь зарлаад, шалга л даа. Үнэхээр авсан тогтоогдвол эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Х.Энхжаргал гурван жил үхсэнээ хийж байсан юм.
Тухайн үед Бондыг 2 тэрбум ам.доллараар авч байсан. Тухайн үеийн ханшаараа 3.2 их наяд. Гэтэл юун 33 их наядын талаар яриад байгаа юм бэ. Гэтэл бүх хөрөнгө оруулалтыг идэж, ууна гэж байх уу, ийм утгагүй юм яриад байна. Ажлаасаа халагдахгүйн тулд ийм чухал юм илрүүлээд байхад шалгуулахгүй байна гэж шалтаглаж байна” хэмээн хэлэв.
Б.Сонор