Прокурорын байгууллагад авлигачид ажиллах ёсгүй

Прокурорын байгууллагад авлигачид ажиллах ёсгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хоногийн өмнө  1993 оноос хойш прокурорын байгууллагад ажилласан А.Цэрэнсодном гэгчийг УЕП-ын орлогчийн албан тушаалд зүтгүүлж байгаа албан ёсоор "зарласан” билээ. Гэвч харамсалтай нь саяхан  А.Цэрэнсодном прокурорын хүн дарамталж, мөнгө авсан тухай бичлэг тарсантай холбоотойгоор Ерөнхийлөгч саналаа буцаасан тухай мэдээлэл гарч олон нийтийн дунд ихээхэн шуугиан дэгдлээ. Тэгвэл УЕП-ын орлогчид горилогч А.Цэрэнсодном гэгч нь ихээхэн баялаг намтартай нэгэн болохыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дуу дуугаа авалцан мэдээлж эхлэв. Тодруулбал, тэрээр өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байсан нэгэн аж.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд бичиж байгаагаас үзэхэд тэрээр 2003-2005 онд "Тээврийн прокурорын газар" орлогч даргаар ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж будлиантуулж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унаж байсан гэнэ. Ингээд А.Цэрэнсодном нь ажлаасаа халагдаж, мөрдөн байцаагч нь ял авснаар хэрэг намжсан түүхтэй ба үүний дараа тэрээр  МХЕГ-т байцаагчаар ажилд орж, тэндээсээ "Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар"-т Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна.
Дараа нь  тэрээр тус газрын дарга Д.Батхуяг ял авсан дуулиантай жилүүдэд тэнд ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байх бөгөөд зөвхөн 2016 онд прокурорын байгууллагын хаалгыг дахин татаж, орж ирсэн нэгэн юм байна. Хамгийн сүүлд тэрээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байгаа ба өдгөө "Бусдаас их хэмжээний мөнгө авч гадаадад сургуульд сурсан, бусдыг дарамталж авилга авсан" гэдэг өргөдлийн дагуу АТГ-т шалгагдаж байгаа ажээ. Тодруулбал АТГ-аас А.Цэрэнсодномд  НПГ-т ажиллаж байхдаа иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээсэн гэнэ. Энэ бүхнийг юуны учир өгүүлэв гэхээр олон жилийн өмнө Улсын ерөнхий прокурорын газрын орлогч дарга Л.Отгонбаяр гэгч этгээд шоронд ял эдэлж байсан архагшсан ялтантай хамсан гэм зэмгүй өч төчнөөн иргэдийг хэлмэгдүүлж, олон арван жилээр шоронд суулган амьдын тамд унагаж байсан  аймшигтай түүх байдаг гэдгийг нэхэн сануулахын ялдамд ер нь хууль хяналтын байгууллагад томилогдох гэж байгаа хүмүүсийг төр засгаас маш өндөр шалгууртайгаар шалган авах нь зүйд нийцэх бөгөөд эс тэгвээс дээр дурьдсан Л.Отгонбаяр гэгч амьд босоо ороолонтой адил этгээдүүдээр хуулийн байгууллага дүүрвэл монгол улсад хууль ёс алдагдаж, энэ улс оронд жирийн иргэн амьд явах эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ гэдэг нь дамжиггүй юм. Тийм болохоор дээр дурьдсан Ерөнхийлөгч Х.Баттулга А.Цэрэнсодном прокурорыг УЕПГ-ын орлогчоор томилох гэж байгаад түүнтэй холбоотой нууц бичлэг гарсантай холбогдуулан нэрийг нь татаж байгаа явдал нь өнөө үед тун чухал маш зөв зүйтэй явдал мөнөөс мөн бөгөөд хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга алдаж эндэн, өдгөө прокурорын байгууллагад ид өрнөж буй алдаа завхарлыг уучилж, өмнөх удирдлагуудаасаа ялгагдахгүй этгээдүүдийг өндөр албан тушаалд томилвол дахиад л өнөөх чөтгөрийн тойрог үүсч энэ бүх бузар булай явдал хэзээ ч арилахгүй болох гай гамшиг нүүрлэх нь ойлгомжтой билээ. Тиймээс эцэст нь өгүүлэхэд Монгол улсад дахин 37 он шиг зүйлийг давтагдуулахгүйн тулд төр засаг маань маш анхааралтай байж, асар өндөр хариуцлагатай хүнийг хууль хяналтын байгууллагын тэргүүнээр томилж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ энэ цөвүүн цагт сонор сэрэмжээ алдаагүй эрхэм Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье.

Ж.Бат  
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0