“ЖДҮ-чин” цолтой Б.Амгаланбаатар Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гарган Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас огцрууллаа. М.Энх-Амгаланг огцруулсантай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалгажээ.
Улсын Ерөнхий прокурор хоёр орлогчтой бөгөөд Г.Эрдэнэбатыг огцруулсан тул хуульд Улсын ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр Улсын ерөнхий прокурорын аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ гэсний дагуу ийн зарлиг гаргасан бололтой. Гэвч Б.Амгаланбаатарын нэр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудын дунд цохиж яваа. Түүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Цаст согоот” ХХК-иараа дамжуулан тус сангаас хоёр удаа зээл авчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд ороох үеэрээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатарт хандан ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй хэмээн хэлж байсан билээ.
Р.Адъяасүрэн