Өөрийнхөө үрийн шингэнийг 50 эмэгтэйд шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдийн эмч ял авлаа
АНУ-д нөхөн үржихүйн нэгэн эмч 40 орчим жил өөрийнхөө үрийн шингэнийг ашиглаж, үйлчлүүлэгчдээ жирэмслүүлэн 50 орчим хүүхдийн эцэг болжээ.
Индиана мужийн эмэгтэйчүүдийн эмч Дональд Клайн 1970-аад оноос хойш өөрийнхөө үрийн шингэнийг янз бүрийн доноруудын генетикийн материал хэмээн өгч, эмэгтэйчүүдийг жирэмслүүлж байжээ.
Харин өвчтөнүүд нь энэ талаар 2014 оныг хүртэл мэдээгүй явсан байна. Гэтэл Клайны охидын нэг болох Якоба Баллард өөрийнхөө цус нэгтэй ах дүүсийг тусгай форумаар олохоор болсноор энэ асуудал илэрчээ. Царай зүсээрээ адилхан нэг оролцогчийг анзаарсан тэрбээр шинжилгээ өгч үзтэл үнэхээр эцэг нэгтэй болох нь батлагдсан байна. Энэ байдлаар зургаан ах дүүгээ олж чаджээ. Дараа нь Клайны өвчтөнүүдийн өөр хүүхдүүд ч ДНК-ийн шинжилгээгээр гарч ирсээр 50-д хүрсэн байна.
“Энэ бол эмч, өвчтөнүүдийн хоорондын итгэлцэл алдагдсан зүйл. Буруу зүйл” гэж Индиана мужийн нөхөн үржихүйн эмч Роберт Колвер хэлсэн байна.
Гэхдээ Клайны зарим хүүхэд эмчийн тэдний хувь заяанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Харин зарим нь болсон явдалд дургүйцлээ илэрхийлж, эмчийг шүүхэд өгчээ.
Эмэгтэйчүүдийн эмч Клайн өөрийнхөө генетикийн материалыг 50 орчим удаа ашигласнаа хүлээн зөвшөөрөөд, энэ тухай эмнэлгийн бүх бичиг баримтыг устгасан гэжээ. Түүний хэлснээр тухайн үеэр өөр донороос үрийн шингэн авах нь маш хүнд, цаг их зарцуулагддаг байсан болохоор өөрийнхийгөө хэрэглэсэн гэжээ.
2017 онд Индиана мужийн шүүхээс Клайнд 500 долларын торгууль ногдуулж, нэг жил тэнсэн харгалзах ял оноожээ. Түүнчлэн түүний эмчлэх эрхийг зогсоосон байна. Гэхдээ тэр 2009 онд тэтгэвэртээ гарсан аж.
Эх сурвалж: theatlantic.com