Америк иргэний ар гэрт олгох хагас тэрбум ам.долларыг БНАСАУ-аар төлүүлэх шийдвэр гаргав
Умард Солонгосын шоронд хоригдсоныхоо дараа нас барсан, Америкийн иргэн Отто Уормбиерын ар гэрт олгох 501 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрийг БНАСАУ-ын эрх баригчдаар төлүүлэх шийдвэрийг АНУ-ын Колумбын тойргийн шүүх даваа гарагт гаргажээ. Энэ нь Умард Солонгосын эдийн засгийн нийт хэмжээний 4 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.
Тойргийн шүүгч Берил Хауэллийн гаргасан тогтоолоос үзвэл, нөхөн төлбөрийг Уормбиерийн эцэг эх Фредерик болон Синтия Уормбиерт төлөх ёстой байна. Тэд шүүхийн шийдвэрийг БНАСАУ-ын эрх баригчдад танилцуулах ёстой аж.
Суртал ухуулгын зурагт хуудсыг хуулж урсан хэргээр шийтгүүлж байсан 22 настай Отто Уормбиерийг Пхеньян 2017 онд АНУ-д буцаажээ. Тэрбээр 17 сар хоригдсон байна. Оюутан залуу Умард Солонгосоос ирэхдээ хүндээр өвдсөн байсан бөгөөд ирснийхээ дараахан нас баржээ. Нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Оттогийн эцэг эх эхлээд 1 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг Умард Солонгосоор төлүүлэхийг шаардсан байна. Тэд Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарыг зургадугаар сард уулзахаас өмнөхөн дөрөвдүгээр сард шүүхэд гомдол гаргажээ.
Д.Жаргал