Хойд Солонгос хоёр дахь Вьетнам болж чадах уу?
Хойд, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд болох Ким Чен Ун, Мүн Жэ Ин нар өнгөрөгч жил уулзах үеэрээ БНАСАУ-д Вьетнамын загвараар шинэчлэл явуулах боломжийн талаар ярьж байсан юм.
Харин Ким Чен Ун өдгөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вьетнамд айлчлан ирээд байна. Ким Чен Ун Вьетнамд айлчилж буй Хойд Солонгосын хоёр дахь төрийн тэргүүн болж байгаа аж. Өмнө нь түүний өвөө Ким Ир Сен 1964 онд Ханой хотноо айлчилж байсан түүхтэй.
Тэгвэл өнөөгийн БНАСАУ-ын удирдагч АНУ-тай хийсэн тэмцэл, марксист төлөвлөгөөт эдийн засгийн замаас юунд хүрсэн, ядуу байсан улс орон Зүүн Өмнөд Азийн хүчирхэг үйлдвэрлэлийн төвийн байр сууринд хэрхэн хүрснийг нүдээрээ харах боломжтой болж байгаа юм. Сонирхуулахад тус улсын эдийн засаг сүүлийн 20 жилийн турш жил бүр 6-7 хувийн өсөлтийг зааж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор “ВВС”-ийн Вьетнам, Солонгосын алба хэд хэдэн шинж шинжээчдээс “БНАСАУ Вьетнамын эдийн засгийн загвар гэгчээс юу сурах вэ” гэсэн асуултад хариулт авсныг орчуулан хүргэж байна.
Солонгосын хөгжлийн банкны эдийн засагч Йон Хи Ким: Вьетнам улсын 1979, 1986 онд “Дой Мой” хэмээх шинэчлэлийн үеэр буюу Эрс шинэчлэлийн үеэр хэрэгжүүлж байсан зах зээлийн эдийн засгийн зарим элементийг Хойд Солонгос улс аль хэдийнэ нэвтрүүлсэн.
БНАСАУ-д санхүүгийн тусламж маш их хэрэг болоод байгаа. Үүнд АНУ-ын зүгээс тэднийг сайшаах хэрэгтэй болоод байна. Вьетнам улсын нэгэн цагт хийсэн энэ ажил АНУ-тай харилцаагаа хэвийн болгож, олон улсын нийгэмлэгээс тусламж авсных юм.
Үүнтэй зэрэгцээд Хойд Солонгосын тэвчихээс өөр аргагүй шалгууруудыг дутуу үнэлж болохгүй.
ВВС-гийн Ханой дахь Вьетнамын албаны редактор Гьян Нгуен: Вьетнам улс шинэчлэлээ эхлүүлж байхад 65 сая орчим хүн амтай байлаа. Энэ бол Хойд Солонгосын одоогийн хүн ам (25 сая)-аас хавьгүй олон гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх нийтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах хангалттай ажиллах хүчтэй байсан.
Үүнээс гадна Вьетнамын хөдөө аж ахуй аль Францын колоничлолын үеэс л гайхалтай сайн зохион байгуулалттай гэдгээрээ ялгарч ирсэн. Тухайн үед Меконгийн хөндий Энэтхэг Хятадыг бүхэлд нь хангах “цагаан будааны тариалангийн газар” байсан.
1970-аад оны сүүлчээр Ханой дахь коммунист Засгийн газар хамтын аж ахуйн асуудлыг шийдвэрлэж, цагаан будааны зах зээлийг либералчилсан.
АНУ-тай дайтсаны дараах он жилүүдэд ч Вьетнам БНАСАУ шиг хүнсний асуудалд орж, өлсгөлөнд нэрвэгдэж байсангүй. Үүнээс хойш Засгийн газраас хэрэглээний бараа, бөс даавуу, дараа нь хөнгөн үйлдвэрийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг явуулахад илүү хялбар байсан.
Сөүлийн Сэжүний хүрээлэнгийн ахлах судлаач Ун Чул Янг: Хамгийн гол зүйл бол Хойд Солонгосын аж үйлдвэр дэх бүтцийн өөрчлөлт юм. Одоохондоо энэ салбар урьдын адил хөдөө аж ахуйгаасаа нэлээд хамааралтай хэвээр байгаа бөгөөд энэ сектор хүн амын 22-оос илүү хувь нь ажиллаж байна.
Тиймээс газар тариалангийн салбар дахь ажиллах хүчний илүүдлийг бууруулж, илүү хөнгөн үйлдвэрүүд рүү хүчээ шилжүүлэх шаардлагатай.
Юуны өмнө БНАСАУ АНУ-тай харилцаагаа сайжруулах ёстой. Үүний дараа олон улсын хориг арга хэмжээ цуцлагдана.
2007-2014 онд Того, Лаос, Вьетнам дахь эдийн засгийн төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Америк-Вьетнамын эдийн засагч, доктор Фам До Чи:
Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих анхны туршилтын үед Вьетнамын Засгийн газарт ажиллаж байсан миний туршлагаас үзэхэд Хойд Солонгос улс эдийн засгаа илүү нээлттэй болгож, шат дараатайгаар урагшлах шаардлагатай.
Ихэнх зүйл цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх “замын карт”, Америкийн Засгийн газартай хийх гэрээнээс, мөн хоригийг цуцлахаас шалтгаална.
Юутай ч БНАСАУ-ын удирдлагуудын хийх эхний алхам нь нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг чөлөөт зах зээлд шилжүүлэх ёстой. Вьетнамын хувьд цагаан будааны зах зээлээсээ эхэлсэн бөгөөд энэ зах зээлийнхээ зохицуулалтыг эхлээд сулруулж, дараа нь 1985-1986 онд зохицуулалт хийхээ больсон нь үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхэд хүргэсэн юм. Энэ бол үнэхээр үнэт туршлага.
Хойд Солонгосын хийх хоёр дахь алхам бол хөдөө орон нутаг дахь сангийн аж ахуйгаа устгаж, муж, бүсүүдийн хооронд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй солилцох түвшнийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.
Вьетнамын фермерүүд 1970, 1980-аад онуудад Хойд Солонгосын фермерүүдийн адил бүтээгдэхүүнүүдээ мужаасаа гаргаж чаддаггүй байлаа. Энэ улс мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа тансаг эд зүйлс гэж тооцогддог барааны зах зээлийг өргөжүүлэх шаардлагатай. Ингэж байж л ажиллах эрч хүч нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эцсийн дүндээ импортоос нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ солих замаар экспортоо сайжруулж чадна.
Ингэхдээ хүмүүс хэдэн арван жилээр ядуу зүдүү амьдарч ирсэн, хүнсний бүтээгдэхүүний дутагдалд орж байсан, тэр ч бүү хэл өлсөж байсан гэдгийг санах нь чухал. Тиймээс хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн алхам юм.
Хойд Солонгос улс Вьетнамын шинэчлэлийн түүхээс авах бас нэг хичээл бол тэд эрт шатандаа аварга том аж үйлдвэрлэлийн корпорациуд байгуулахаас зайлсхийх явдал юм.
Вьетнамын удирдагчид 2007-2016 онд Өмнөд Солонгосын корпорациудын амжилтаар бахархаж, хөлөг онгоц байгуулах, гангийн үйлдвэрүүдэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байв.
Гэвч туршлага, эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн талаар зохих мэдлэг байхгүйгээс болж их хэмжээний алдагдал хүлээж, эцэст нь Vinalines усан онгоцны компани, Vinashin хөлөг онгоц үйлдвэрлэх корпораци нь дампууралд орж байсан.
Эдийн засгийн хатуу төлөвлөгөөнөөс татгалзсанаас хойших хамгийн чухал асуудал бол бараа бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Хойд Солонгос улс институцийн байгуулал, мөнгө-зээлийн бодлогын асуудалд шилжих шаардлагатай.
Түүнчлэн төв банкийг аль болох хурдан байгуулж, гүйцэд боловсорч хөгжөөгүй зах зээлийн эдийн засагтаа тус болох ёстой.
Хүлээгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын их хэмжээний урсгалыг үр дүнтэй эзэмшихийн тулд эхний шатанд гадаадын банкуудтай хамтарсан үйлдвэрлэл байгуулах нь чухал. Тухайлбал, Өмнөд Солонгос, Хятад, Японтой хамтарч болно.
Вьетнам ч энэ асуудлыг тааруухан шийдэж, улсын үйлдвэр, банкуудад их хэмжээний өр хуримтлуулсан. Хойд Солонгос үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Эх сурвалж: BBC.COM