Д.Энхтүвшин: Ордонд байгаа хүмүүс амьдралаас тасарчихаж. Харин ААН-үүд, иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа...
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Монголын Улсын 2025 оны төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр "Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл нь иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэлийг алслуулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхийн тулд асар их цаг хугацаа зардал мөнгө шаардлагатай болно.
Хүмүүсийн амьдрал аль нэг сайд, улс төрийн намаас хамааралтай биш байгаасай. Хариуцлагатай хүн бүрд хөгжин дэвших бололцоо боломж нээлттэй байгаасай гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв зам бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганд намууд дөрвөн сарын өмнө сонгогчдын санал авахын тулд ярьж байсан нэг заалтыг онцолж сануулж байгаа. МАН төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана гэж заасан. АН 20 хувиар буулгах, ХҮН төсвийг буулгах бодлого явуулна гэж амласан.
Төрийн ордонд сууж байгаа хүмүүс амьдралаас тасарсан байна. Төсвийн урсгал зардлыг 10 их наядаар, татварын орлогыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн орлогын татварыг 50 нэмэгдүүлэх тооцоолол хийсэн. Энэ ачаалал аж ахуйн нэгж, иргэд дээр ирнэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна.
НӨАТ-ын өр 2024 оны зургаан сарын байдлаар 540 тэрбум төгрөг болсон. Энэ цар тахлын өмнөхтэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Мөн татварын алданги, хүү торгуультай холбоотой аж ахуйн нэгж дээр ирж буй дарамт, 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. 70 их наядын торгуулийн өр төлбөр тавигдсан.
Тиймээс 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол 2025 оны төсвийн төслийг дэмжих боломжгүй гэж бодож байна. Төсөв хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой санал оруулахад нэлээд хүндрэлтэй байдаг юм байна. Засгийн газрын буулгаж оруулж ирээгүй төсвийг хасах гэхээр үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг.
Татвар, нийгмийн даатгалын хэмжээг буулгаач гэхэд боломжгүй, хэцүү байна гэдэг атлаа зардал нэмэхдээ ямар ч хяналт алга. Би гишүүний хувьд АН, ХҮН-ыг төрийг жижиг болгохыг дэмжинэ гэж бодож байсан.
Гэтэл тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг сонирхолд хөтлөгдөж, төсөв нэмэгдүүлж байна. Энэ талаар үргэлжлүүлж хатуу байр суурь илэрхийлнэ. Хэрэв энэ чигээр олон жил явбал миний хувьд энд байх утгагүй гэж үзэж байна.
Намууд төсвийн зарлагыг багасгах талаар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би УИХ-д хий дэмий байх шаардлагагүй" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (1)