Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Тэрбээр “Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан болно” гэлээ.
Ирэх 2024 онд төрийн албаны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг Сангийн сайд дурдав.Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орсон өөрчлөлтийн дагуу сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох, Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх эрх зүйн өөрчлөлтийг хийх асуудлыг тусгажээ.
Мөн инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн 2024 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шаардагдах зардлыг тусган, газрын менежменттэй холбоотой чиг үүргийг нэгдсэн бодлогоор төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах үүднээс газрын харилцаа, зөвшөөрлийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр тусгажээ. Ирэх 2024 оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа ажээ.