НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг судлах ажлын хэсэг байгууллаа

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг судлах ажлын хэсэг байгууллаа

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг судлах ажлын хэсэг байгууллаа

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын таван хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэн тус асуудлыг суудлах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ажиллах бол ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Ж.Батсуурь нар ажиллах юм.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн татварын орчныг сайжруулах тооцоо судалгаа, дүн шинжилгээ боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах саналыг оруулж байна.

100 мянган иргэн санал өгсөн нь зарчмын хувьд том дэвшил гэж үзэж байгаа. Мөн НӨАТ-тай холбоотой далд эдийн засаг байгаа. НӨАТ төлөхгүй далд мөнгө байгаа нь үнэн. Энэ нь татварын ачаалал өндөр байгаатай холбоотой гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна. Миний бие энэ ажлын хэсгийг өөрөө ахлаж, 100 мянган иргэний саналыг судалж, үнэлэлт дүгнэлт өгнө.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Төсөв батлах хугацаа тулчихлаа. Хуулийн төсөл орж ирсэн юм уу гэхээр орж ирээгүй юм байна. Одоо тэгээд яг яа гээд байгаа юм бэ. Төсвийн байнгын хороо хэлэлцээд хуулийн төсөл боловсруул гэх юм уу, эсвэл тогтоол гаргах ажлын хэсэг байгуулах юм уу. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг хийх гэж байна. Үүнгээ удирдлагуудын түвшинд яриад, хуулийн төслөө боловсруулаад оруулж ирээд хэлэлцээд явбал өөр хэрэг. Гэтэл иргэдээс санал авчихаад та нар одоо шийд гээд асуудлыг оруулж ирээд гишүүдийг хоёр талцуулаад, Их хурлыг хоёр талцуулаад байна. Мэдээж ард иргэд татварыг хөнгөлөх, буцаан олголтыг нэмэх гэдэг санал авбал 100 байтугай хэдэн мянгаараа ч дэмжинэ. Харин татвар нэмнэ гэвэл хэн ч дэмжихгүй.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмлээ гэхэд боогдсон төсвийнхөө хаанаас 600 тэрбум төгрөг гаргах юм. Хөрөнгө оруулалтаа хас гэж байгаа юм уу. Энэ богино хугацаанд шийдчих асуудал биш юм биш үү.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ажлын хэсэг байгуулагдаж байна. Татварыг үе шаттай бууруулах асуудал бодлогоор хийгдэх ёстой. Төсөв өргөн баригдсан хойно 400-500 тэрбумаар бужигнуулах нь буруу. Төсөв тусгаар тогтнолын баталгаа. Төсвөө баталж чадахгүй бол УИХ тардаг заалттай. Хөрөнгө оруулалт газар дээр үлдэнэ. Буцаан олголт бол үр ашиггүй дуусна. Үе шаттай татварыг бууруулах нь төрийн хар хайрцгийн бодлогоор явуулах ёстой. Эрүү, татварын хуулийг иргэдээс асуух нь буруу жишиг. Гурван сая иргэн та нарт түгжрэлээ шийдэхийг өдөр бүр хэлж байна. Төсөв өргөн баригдсан хойно НӨАТ-ыг оруулж ирж байгаа нь төсвийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Нийтдээ хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжсэн үйлдвэрлэлийг дэмжих, татварыг хөнгөлөх асуудал бол байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 100 мянган иргэн санал өгсөн байна. Хуулийн төсөл боловсруулаад ороод ир. Үүн дээр нь ажлын хэсэг байгуулаад явах ёстой. Энэ хуулиа хэлэлцээд баталчих. Хэрвээ 2024 оны төсөвт асуудал үүсэх гээд байгаа бол 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ гээд тавьчих. Тэгвэл дараагийн парламент 2025 оны төсвөө оруулахдаа энэ хуулиа бодолцож оруулна.

Ардчилсан нам төрийн дарамтыг багасгахыг дэмжсээр ирсэн. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олгохыг 2 хувь болгох хуулийн төслийг би өргөн барьсан. Татварыг багасгаснаар гаалиар орж ирэх барааны анхны бүрдүүлэлт үнэн зөв болно. НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хэрэв төсөв дээр энэ асуудлыг тусгалаа гэхэд хуулийн төсөл боловсруулах ёстой. Ажлын хэсэг гаргаж байгаа нь асуудлыг бүх талаас нь судалж үзээд, шаардлагатай бол бодлогын баримт бичиг боловсруулахаар оруулж ирнэ.

скачать dle 12.0