ХҮЭК: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг саатуулахдаа хүч хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй
"Хүний эрх нээлттэй өдөр" арга хэмжээ болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл өглөө. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг саатуулахдаа хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй гэдгийг энэ үеэр онцлов.
Тодруулбал, Хүний эрхийн үндэсний хорооны захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц "Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч албан айлчлал хийсэнтэй холбоотойгоор иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу хамгаалалтыг гурван зэрэглэлтэйгээр зохион байгуулж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлал нь хуульд заасны дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авагдсан арга хэмжээ байсан. Арга хэмжээний үеэр жагсаал цуглаан зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг "Хамгаалалтын хоёрдугаар зурваст үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Иймд та бүхэн үзэл бодлоо илэрхийлж болно" гэсэн зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас өгсөн.
Тухайн иргэд хамгаалалтын нэгдүгээр бүсэд үзэл бодлоо илэрхийлсэн учраас саатуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан хийхийг хуулиар хориглосон байдаг. Тухайн төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулж байгаа асуудал нь Монгол Улсад Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулахаас гадна олон улсын гэрээ, эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа юм.
Харуул, хамгаалалт, тусгай хамгаалалтыг хариуцаж, зочны аюулгүй байдлыг хангах үүргийг уригч улс хүлээж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аюулгүй байдлыг нь хангаж ажилласан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас манайд өгсөн албан мэдээллээр "Саатуулагдсан иргэд нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд хамгаалалтын нэгдүгээр бүс рүү нэвтрэхийг завдсан тул тухайн иргэдийг хэн гэдгийг тогтоох, мэдүүлэг, тайлбар авах зорилгоор хуульд заасны дагуу түр саатуулсан" гэсэн. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр саатуулагдсан иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж, зургаан иргэнээс гуравтай нь уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Мөн тухайн иргэдийн мэдүүлэг өгч байгаа нөхцөл байдалтай нь орж, танилцсан байдаг.
Тухайн иргэдийг Зөрчлийн тухай хуулийн
5.8 дугаар зүйлд заасны дагуу жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих,
15 дугаар зүйлийн хоёрт зааснаар төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах гэдэг үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иргэдийг саатуулж, цагдаагийн байгууллагад хүргэхдээ хүч хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалтыг явуулж байна. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлсэн нэр бүхий иргэд хамгаалалтын нэгдүгээр зурваст үзэл бодлоо илэрхийлсэн үйлдлийг таслан зогсоохдоо цагдаагийн байгууллагын албан хаагч нарын зүгээс хүч хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэлд дотоод албан шалгалт явагдаж байгаа тухай мэдээллийг ХЭҮК болон цагдаагийн байгууллага харилцан солилцож байгаа" хэмээв.