Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хүн дарамталж байхад ХЭҮК-ийн дарга хаачив
“Ардчилсан чөлөөт нийгмийн гол амин судас, чиг баримжаа нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр илэрхийлэгддэг. Энэ бол ардчиллын баталгаа, оршин тогтнохуйн үндсэн дархлаа нь юм” хэмээн Өдрийн сонины сэтгүүлч Н.Гантулга “Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг 24 цаг байтугай 24 секунд ч хааж боох ёсгүй, тийм эрх хэнд ч байхгүй” хэмээх нийтлэлдээ өгүүлжээ. 2019 оны энэ өдрүүдэд Монгол Улсад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болж байна. Ардчилсан монгол төрийн тулгуур баримт, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заажээ.
-ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАН ИРГЭДИЙН ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ БАЙНА УУ-
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нэг хэлбэр нь тайван жагсаал цуглаан хийх юм. Харин энэ долоо хоногийн Даваа гарагт авто машинтай жагсагчид “Авто зам ашигласан хураамжийг 5-15 дахин нэмсэн”-ийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан. Тэдний энэхүү жагсаалыг олон мянган иргэд дэмжиж байгаа гэж хэлж болох байх.
Гэтэл тус хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмэдэд ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалангаас “Дүү хүү галаар наадах гэж байгаад шоронгоор наадчихав даа энэ их бухимдлыг өдөөж байгаад өөрөө балрав даа” гэсэн зурвас ирсэн талаар Б.Цэгмэд өөрийн facebook хуудаснаа нийтэлжээ.
Харин Ж.Амгалан хурандаагийн энэ хандлага ганц үүгээр зогсоогүй бололтой. Учир нь “Байгалийн түүхийн музей”-г нураахыг эсэргүүцсэн Э.Одбаяр хэмээх иргэнд хандан Ж.Амгалан хурандаа “Шаазгай зүү олоод хийх газаргүй сүлбүүлж үхдэг гэж үг бий шүү Одбаяр аа, Та нарыг ямар зорилгоор юу хийгээд байгааг би судалсан, мэдэж байгаа шүү" хэмээн дарамталсан талаар тус иргэн өөрийн твиттер хуудаснаа нийтэлжээ.
ЦЕГ-ын НХЖХ, ОНАБайдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
"Шаазгай зүү олоод хийх газаргүй сүлбүүлж үхдэг гэж үг бий шүү Одбаяр аа, та нарыг ямар зорилгоор юу хийгээд байгааг би судалсан, мэдэж бга шүү" хэмээн дарамтлав. 2019.12.02
Мөн хэлэхдээ...#SaveUb
44 people are talking about this
-ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ ҮҮРЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ХААЧИВ-
Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл, татвар, хураамж нэмснийг эсэргүүцсэн авто машинтай жагсагчдын жагсаалууд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн өмнө ил тод өрнөж буй. Тэднээс Үндэсний аюулгүй байдал, Нийгмийн хэв журамд нөлөөлөхүйц, үг, үйлдэл гараагүй гэж хэн бүхэн дүгнэх байх. Гэтэл үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн иргэдэд цагдаагийн хурандаа ингэж хандаж байгаа нь Үндсэн хуулинд нийцэх үү гэсэн асуудал гарч байгаа юм.
Мөн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө зөрчигдөж байж болзошгүй тус үйлдэлд Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос ямар ч үйлдэл гарсангүй.
Учир нь ХЭҮК-ийн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой” гэж тодорхойлжээ. Гэтэл өнөөдөр энэхүү тэгш боломж алдагдаж байхад ХЭҮК-ын удирдлагууд уламжлал ёсоороо “таг дуугүй” байна.
Эх сурвалж: isee.mn