Баялгийн сан бол "Хүний хөгжил"-ийн 21 мянган төгрөг тараахаас тэс өөр асуудал

Баялгийн сан бол "Хүний хөгжил"-ийн 21 мянган төгрөг тараахаас тэс өөр асуудал
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ БАЯЛГИЙН САНГУУД
  1. Норвегийн Баялгийн сан
  2. Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын сан
  3. Хятадын Хөрөнгө оруулалтын сан
  4. Кувейтийн Хөрөнгө оруулалтын сан
  5. Сингапурын Хөрөнгө оруулалтын корпорац
  6. Катарын Хөрөнгө оруулалтын сан
  7. Хятадын Нийгмийн аюулгүй байдлын сан
  8. Дубайн Хөрөнгө оруулалтын корпорац
  9. Cингапурын “Temasek Holdings”
  10. ОХУ-ын Баялгийн сан
Стратегийн ашигт малтмалын ордуудын нөөцийг төр нэг гарт төвлөрүүлэхээр 2007 онд “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан цагаас эхлэн яригдсан асуудал бол үндэсний баялгийн сантай болох. Ийм сан байгуулах асуудлыг Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон даруй эрчтэй ярьж эхэлсэн. Тэрбээр “Баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой.
Ингэхдээ улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдаж, ил тод зарчим дагалдана. Монголд нийгмийн чиг баримжаатай буюу газрын баялгаасаа нийт иргэд ижил тэгш хувь хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа “Эрдэнэс Монгол” компани бий. Тус нэгдлийн хэмжээнд 10 гаруй компани байгаа. Цаашид төрийн санхүүжилтээр хайгуул хийж тогтоосон ордуудаа энэ нэгдлийн бүрэлдэхүүнд нэмээд явна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн Тэтгэврийн сантай адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай” гэж мэдэгдсэн.
Улмаар “Эрдэнэс Монгол” удирдлагуудтай уулзалт хийж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах хугацаатай үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Баясгаланд өгөөд байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Норвеги Улсад айлчилж, дэлхийд жишиг болсон баялгийн сантай нь танилцах талаар ч мэдээлэл гараад байгаа юм. Энэ мэтээр сүүлийн хэдэн өдөр баялгийн сан байгуулах асуудал эрчтэй яригдаж эхэллээ.
Уг нь УИХ-аас 2016 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулиар баялгийн сангийн суурь хэдийн тавигдчихсан. Тус санд өнгөрсөн жил 620.7 тэрбум бол энэ онд нэг их наяд төгрөгийн орлого орох тооцоо гарсан. Үүгээр Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэхээр байгаа аж. Улмаар Хүний хөгжил сангаар бэлэн мөнгө тараадаг үзэгдлийг таслан зогсоож, хойч үедээ өр биш өв үлдээдэг жишиг буюу баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаж эхэлнэ хэмээн үзэж буй.
Ирээдүйн өв сангийн хуулийн үндсэн зорилго нь байгалийн баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилахын тулд хуримтлал үүсгэх юм. Нэр нь л өөр болохоос биш Норвегийн баялгийн сангийн жишгээр Монголын Ирээдүйн өв сан орлого төвлөрүүлж эхлээд байгаа. Гэхдээ захиран зарцуулалт нь ил биш бөгөөд эрх баригчдаас бүрдсэн Засгийн газрын харьяанд байдаг. Засгийн газар ЖДҮХС-гаас эхтэй асуудлаас улбаалан харьяа 30 орчим сандаа шалгалт оруулж буйгаас үзэхэд итгэхэд бэрх.
Тиймээс л баялгийн сан яригдах бүрд “Улс төрөөс хараат бус” гэх тодорхойлолт дагадаг. Эрх барьсан нэг нь дур зоргоороо өөрчилдөг удирдлагатай цаашид явбал, эргээд бэлэн мөнгө тараах нэрээр үр хүүхдэдээ өр өвлүүлсэн Хүний хөгжлийн сан ч болж хувирч магадгүй. Харин баялгийн сан (дэлхийн зарим улсад тогтворжуулалтын сан нэрээр байгуулагдсан)-гийн үндсэн зарчим бол ирээдүйн эрсдэлээ хаах хуримтлал үүсгэх буюу хойч үедээ хөрөнгө, мөнгө үлдээх л асуудал юм. Тэгвэл өмнө нь манайхны хангалттай судалж ярьсан, одоо ч ярьсаар байгаа баялгийн санг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн байгуулж чадсан Норвегийн ололт амжилт, алдаа оноог дор өгүүлье.
ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН САНТАЙ ТАВАН САЯ НОРВЕГИ
Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эрэгт буй Норвеги дэлхийн хамгийн чинээлэг орны нэг. Дэлхийн хамгийн чинээлэг орон төдийгүй дэлхийн хамгийн аз жаргалтай, дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой, хүний эрхийг дээдэлдэг, боловсрол эзэмшихэд үнэ төлбөргүй, нийгмийн хангамж сайтай, мөн хамгийн өндөр татвартай гээд сайн сайхнаараа хамгийн гэх бүхнийг эзэмшдэг улс гэхэд хилсдэхгүй болов уу.
Норвеги Улс дэлхийд газрын тосны экспортоор тавдугаарт, байгалийн хийн экспортоор гуравдугаарт ордог. Таван сая хүн амтай Норвегийн эдийн засагт газрын тосны салбар чухал байр суурь эзэлж ирсэн. Тиймээс ДНБ-ий 23 хувь, улсын орлогын 30, нийт хөрөнгө оруулалтын 26 хувийг газрын тосны салбар дангаар бүрдүүлж байна. Тус улсын нийт экспортын 49 хувь газрын тосны салбараас шууд хамаардаг. Тус улс нэг хүнд ногдох ДНБ-ээр Европ тивд хоёрдугаарт (Люксембургийн дараа), дэлхийд зургаадугаарт бичигдэж байна.
Уул уурхайгаас олсон орлогоо зөв удирдсан норвегичүүд өнгөрсөн онд нэг их наяд ам.долларын хуримтлал бүхий дэлхийд тэргүүлэх Баялгийн сангийн эзэд болсон. Тус улсын Засгийн газар анх 1990 онд Газрын тосны сан байгуулж, иргэдээ эзэд нь хэмээн тунхаглаж байжээ. Газрын тосны орлогыг хөгжлийн зорилгоор эдийн засгийн эргэлтэд оруулах нь сангийн үндсэн дүрэм. Тэд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуримтлалын сангийн хөрөнгийг зохистой зарцуулж ирсэн байдаг. Тоглоомын дүрмээ зөрчиж байгаагүй нь тэдний давуу тал. Тиймдээ ч тус сангийн хөрөнгө их наяд ам.долларт хүрч дэлхийн хамгийн том баялгийн санд зүй ёсоор тооцогдох болов.
Гэхдээ норвегичуудын хамгийн том ололт амжилт бол тэд баялгаас хараат бус эдийн засгийг байгуулж чадсан явдал юм. Сүүлийн 10 жилийн турш их хэмжээний нефть олборлосны зэрэгцээ түүхий эдийн үнэ өндөр байсныг ашиглан байгалийн нөөцтэй хамааралгүй салбаруудаа дэлхийн даяар эрчимтэй хөгжүүлж чаджээ. Газрын тосныхоо орлогыг урьдчилан тооцон зарцуулснаас хэт халалт, инфляц үүсэж явсан Норвеги алдаагаа амжилт болгон хувиргасныг Азийн хөгжлийн банкны ахлах зөвлөх Видар Овесен онцлон тэмдэглэсэн байдаг.
Норвегийн баялгийн сангийн санхүүгийн дүрэмд “Газрын тосны үнийн тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалах, орлого олохын зэрэгцээ ирээдүйн үр удамд нэг хэсгийг хуримтлуулах, төсвийн тогтвортой байдлыг хадгалах” гэсэн заалт бий. Газрын тос стратегийн чухал түүхий эд бас геополитикийн шинж чанартай. Тиймээс дэлхийн газрын тосны ханшид газрын тос үйлдвэрлэгч ОПЕК-ийн 11 орон нөлөөлөхийг хичээж ирсэн ч амжилт сулхан. Тэгвэл Орос, Канад, Мексик, Норвеги зэрэг улс ОПЕК-ийн гишүүн бус. Гэсэн ч газрын тосны хамгийн том экспортлогчид хэвээр байна. Тэднээс газрын тос хэмээх “хар алт”-аар хөрөнгөжиж, ахиу амжилт олсон нь Норвеги.
1971 онд буюу Хойд тэнгист нефть илрүүлснээс хэдхэн жилийн дараа л Норвегийн парламент эрчим хүчний салбарт баримтлах гол бодлогоо баталсан. Энэ бодлогын гол агуулга нь нефть зөвхөн ард түмэнд харьяалагдах ёстой. Иймээс Үндэсний нефть олборлогч компанийг байгуулсан байна. Норвеги Улс газрын тосноос олж буй ашгаа үндэсний эдийн засгаасаа бүрэн тусгаарласан гэхэд болно.
Тус улсын баялгийн сан мөнгөө зөвхөн гадаадын үнэт цаасуудад оруулдаг. Тэгэхдээ бүр дэлхий даяар. Норвегичүүд хөрөнгийнхөө 60 хувийг хувьцаанд оруулж, харин 40 хувийг нь Америк, Африк, Европ, Азийн облигаци болгожээ. Тэгэхээр энэ жижигхэн улс дэлхий дээр эргэлдэж буй бүх үнэт цаасны 0.8 хувийг эзэмшдэг гэсэн үг. Ерөнхийдөө баялгийн сангийн хөрөнгийг нийтдээ 75 орны 9,000 гаруй компанид хөрөнгө оруулж, хөрөнгийн удирдлагыг Төв банкны нэг хэсэг болох Хөрөнгө оруулалтын удирдлагын “Norges” банканд хариуцуулсан. Тус банк нь Сангийн яамнаас баталсан хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлдэг бөгөөд сангийн үйл ажиллагааны талаар улирал тутам Сангийн яаманд тайлагнадаг.
Норвегийн баялгийн сангийн нийт байршуулсан хөрөнгө оруулалтыг багцаар нь авч үзэхэд, 59.7 хувийг “Apple”, “Coca cola”, “McDonalds”, “Tesla” гэх мэт томоохон компанийн хувьцаа худалдан авахад /нийт хувьцааны зах зээлийн хоёр хувийг эзэлдэг/ зарцуулдаг. Мөн 37.3 хувийг тогтмол орлого бий болгох хөрөнгө оруулалт, гурван хувийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулжээ.
НОРВЕГИ ХҮН БҮР НЕФТИЙН МӨНГӨ ХААШАА ОРЖ БАЙГААГ МЭДЭХ ЭРХТЭЙ
Нефть, байгалийн хийн борлуулалтын зөвхөн дөрвөн хувь нь тухайн жилийн төсөвт ордог. Бусад орноос ялгаатай нь Норвегид бүх юм олон нийтийн хатуу хяналтан дор байдаг. Нефть, хийн компаниуд өөрсдийн орлого, татвар, бонусыг тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийтэлж байх үүрэгтэй. Яагаад гэвэл норвеги хүн бүр ард түмний мэдлийн нефтиэс олсон мөнгө нь гадаадын ямар хувьцаа, облигацид орсныг мэдэх эрхтэй.
Түүнчлэн Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч эгэл иргэд нь мэдэж байдаг. Энэ бүхнийг олон улсын аудитын компани шалгаж, олон нийтийн байгууллагууд идэвхтэй хянадаг. Норвеги шиг баялагтай атлаа дампуурлын ирмэгт ирчихсэн олон улс бий. Тухайлбал, Венесуэл газрын тосны орлогоос олсон орлогоороо эдийн засгаа бүрдүүлдэг. Гэвч газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр буурахад эдийн засагт нь хүнд цохилт болж, дампуурлын ирмэгт ирээд байна.
НОРВЕГИ ДЭЛХИЙД ХАЛАМЖААРАА ТЭРГҮҮЛДЭГ
Баялгийн сангаараа дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн аж жаргалтай, амьдрахад таатай энэ улс ард иргэддээ олгодог халамжаараа хүртэл дэлхийд тэргүүлдэг болохыг дээр дурдсан. Тус улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, хөдөлмөрийн насны хүн амын тавны нэг нь өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэргийг их хэмжээгээр авсан байна. Ер нь норвегичуудын 20 гаруй хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд идэвхтэй хамрагддаг гэсэн судалгаа бий.
Үүгээр зогсохгүй зарим бүс нутагт хүн амынх нь 40 гаруй хувь нь cap тутамд халамжийн үйлчилгээ, тэтгэмж авдаг гэсэн тоо баримт гарсан байна. Скандинавын хамгийн чинээлэг тус улс 2016 онд нийт 21 тэрбум ам.долларын халамж, тэтгэмжийн үйлчилгээг иргэддээ үзүүлсэн байна. Үүнээс үүдэж, сүүлийн жилүүдэд Норвеги Улсын иргэд нь халамжийн үйлчилгээнээс хэт хамааралтай, амьдралын идэвхгүй болох эрсдэл тулгараад байгаа талаар ажиглагчид онцлох болжээ.
Зарим судлаач тус улсыг газрын тос, байгалийн хийн салбарт голлон тулгуурлаж, эдийн засгийн хөгжүүлэхийн дээр дэлхийн өөр хаана ч байхгүй халамжийн үйлчилгээний тогтолцоог бий болгосон гэдэг. Үүнээс гадна тус улс ажлын цаг багатай ч хөдөлмөрийн хөлс өндөртэй орны тоонд ордог нь ард иргэдээ, ялангуяа залуу үеэ амьдралын идэвхгүй болгоход нөлөөлж магадгүй талаар шинжээчид онцолдог юм.
Норвегийн Хөдөлмөрийн хууль хамгийн ухаалаг хуульд тооцогддог бөгөөд ажилчид нь жилд 21 хоногийн цалинтай амралт авах эрхтэй төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажлын цагаа бууруулах боломжийг олгожээ. Жирэмсний чөлөөг 43 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай авах буюу 53 долоо хоног хүртэлх хугацаанд багасгасан цалинтайгаар авах эрхтэй байдаг аж. Цагийн ажил хийх явдал түгээмэл байдаг бөгөөд долоо хоногт дунджаар 33 цаг ажилладаг байна.
  • Нэг сарын дундаж цалин: 5,418 ам.доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ: 71 мянган ам.доллар
  • Цалингийн доод хэмжээ: цагт 16 ам.доллар
  • Ажилгүйдлийн түвшин: 4.3 хувь
Норвегийн ажлын цаг бага, хөдөлмөрийн хөлс өндөр, амьдрахад таатайгаас гадна тус улсад амьдрах өртөг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай харьцуулахад 33 хувиар бага байдаг аж.
Дэлхийд жишиг болсон баялгийн санг байгуулж чадсан Норвегийн туршлага товчхондоо ийм. Тэдний адилаар баялгийн сангаа хамгийн амжилттай удирдаж байгаа улсын нэг нь 1990 онд манайхтай нэг гараанаас хөдөлсөн, газар зүйн байршлын хувьд гуравдагч хөрш гэгддэг Казакстан Улс. Тус улс байгалийн баялгаасаа үндэсний сан байгуулсан. Тус санд 2014 оны байдлаар 77.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө төвлөрсөн бөгөөд энэ фондоосоо хэд хэдэн том төслүүдээ санхүүжүүлж, 2017 онд 62.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үлдэгдэлтэй байна.
Томоохон хөтөлбөрүүдээ энэ сангаасаа санхүүжүүлдэг. Эдгээр бол байгалийн баялагтаа зөв менежмент хийсэн жишээ юм. Харин муу менежментийн жишээ болдог алмазаар баялаг Африкийн Сьерра Леоне иргэдийн бослого мөргөлдөөнөөс өндийж чадаагүй байхад адилхан алмазтай Африкийн Ботсваны эдийн засаг өндөр хурдацтай өсөв. Алдаатай бодлогын үр дүнд хэчнээн баялагтай байгаад эдийн засгаа яаж сөхрүүлж болдгийг зэсийн асар их нөөцтэй Замби Улс харуулж байхад Чили Улс эдийн засгийн барагтай хямралыг ажрахгүй давахаар хуримтлалтай болов. Тэгэхээр дан ганц байгалийн баялагтай байгаад улс орнууд амжилт олдоггүй бололтой. Хамаг учир нөөц, баялагт бус түүнийг удирдаж буй хүмүүст л байна.
Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
скачать dle 12.0