Хөшүүрэг дутсан хөнгөн үйлдвэрийнхэн
Эдийн засгийн тамир тэнхээг сайжруулах тухай ярих бүрт солонгоруулах тухай хөндөгддөг гэдэг. Зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг халахын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан мөн л эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломж манай салбарт бий хэмээн онцолдог. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Манай улс социалист нийгмийн үед хөнгөн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлсэн ч зах зээлийн нийгэмд шилжих тэр үед унагасан нь буруу алхам байсан. Бид өмнө нь гутал, хувцсаа өөрсдөө хийж өмсөхийн зэрэгцээ экспортод гаргадаг байсныг санах учиртай” гэж байв.
…ГЭЭГДЭГСЭД…
Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамардаг. Манай улсын хувьд энэ салбарын 60 хувийг ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл үйлдвэрлэл эзэлж байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг гэсэн судалгаа бий. Энэ онд хөнгөн үйлдвэрийн салбарынхан өртөг шингэсэн өндөр чанарын ноос, ноолуур, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс шир бэлтгэн нийлүүлэлтийн менежмент, ложистикийн сүлжээг боловсронгуй болгох, Монгол брэндийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлж байв. Гэхдээ үйлдвэрлэгчдийн хувьд бодит байдалд нийцэж чадахгүй байгааг шүүмжилсээр байна. Энэ оны тухайд хөнгөн үйлдвэрийн салбарт 495 сая төгрөгийг зарцуулахаар баталсан байгаа юм. Гэвч энэ санхүүжилт оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд “нялзахгүй” байна гэдгийг зарим үйлдвэрлэгч учирлаж байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж хомс байгааг онцолсон. Тухайлбал, өчигдөр статистикчид энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн мэдээллийг олон нийтэд танилцуулав. Энэ оны эхний 11 сард нэхмэл бүтээгдэхүүний экспорт 79.3 сая ам.доллараар өсч 124.3 сая ам.долларт хүрчээ. Хэдийгээр хөнгөн үйлдвэрийн салбарт чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа ч оёмол бүтээгдэхүүн болон хувцас үйлдвэрлэлийнхэн гээгдсэн гэдгийг салбарынхан учирлаж байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ
Түүнээс гадна энэ салбарт ажиллах боловсон хүчний хомсдол бий болсжээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг 1961 оноос эхлэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд мэргэжлийн сургуулиудаар үйлдвэрүүдийн хэрэгцээнд тулгуурлан захиалгаар бэлтгүүлж, суралцагчдыг дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг ажлыг тухайн үйлдвэрийн асуудал хариуцаж буй яам нь Боловсролын яамтай хамтран үйлдвэрлэл-сургалтыг уялдуулан хөгжүүлж ирсэн байдаг. Гэтэл энэ зарчим өдгөө бутран унасныг үйлдвэрлэгчид ярьж байна. Ажлын байр хамгийн их шингээдэг боловсруулах үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилтнууд сүүлийн жилүүдэд цөөрч, олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийг нь залгамжлах хүний нөөцгүй болсныг үйлдвэрлэл эрхлэгчид болон мэргэжлийн сургуулийн төлөөллүүд анхааруулж байгаа юм.
НООС, НООЛУУРЫНХАН…
Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг давуу тал бий болно хэмээн албаныхан тайлбарлаж байв. Гэвч энэ нь төдийлөн хүртээмжгүй байгааг үйлдвэрлэгчид мөн л шүүмжилж буй. Хэдийгээр оёмол болон хувцасны үйлдвэрлэл нь орхигдож байгаа ч ноос, ноолуурын салбарт анхаарал хандуулж буй нь сайн хэрэг гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм.
ОЁМОЛ БОЛОН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ
Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ.2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31.6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна. “Төмөр трейд” компанийн захирал, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ салбарт тулгамдсан олон асуудал бий. Яах ч аргагүй, төрийн бодлого үгүйлэгддэг. Аливаа зүйлийг хийхэд дэмжлэг, хамгаалалт хэрэгтэй гэдгийг хаа, хаанаа ойлгох ёстой.
Гэхдээ дэмжиж байгаа нь гээд боомилохыг хэлэхгүй. Яагаад гэвэл, оёдлын салбарт бодлогын чанартай хууль, тогтоомж, захирамж гарсан бол өнөөдөр ингээд сууж байхгүй байсан. Үйлдвэрлэлийг, ялангуяа оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого, хууль дүрэм гаргах цаг хугацаа хангалттай байсан ч, юу ч хийгээгүй. Хамгийн наад зах нь үйлдвэрлэсэн бараагаа борлуулж чадахгүй байна” гэж байлаа. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ гэдгийг хувцас үйлдвэрлэгчид учирладаг юм билээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхныг жигд хөгжүүлснээр эдийн засгийг солонгоруулахад ихээхэн нөлөө үзүүлэх аж. Тиймээс бодлогын дэмжлэг, эдийн засгийн хөшүүрэг дутагдаж байгааг албан тушаалтнуудад уламжилъя.
Зууны мэдээ
Д.Оюунчимэг