Ч.Хүрэлбаатар: Хэтэрхий туйлширч хандмааргүй байна С.Ганбаатар гишүүн ээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.21/ 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ. Үргэлжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:- Монголын ард түмэн бид нартай, наргүй дүнгээ тавина. Засгийн газрыг сайн ажиллаасай, үр дүн гаргаасай гэж хүсдэг. Иргэдийн сайн сайхын төлөө зүтгэж байгаа. Олон хүний хүч, хөдөлмөр орсон байж таараа. Гэхдээ өөрийгөө онц, сайн дүгнэх бол арай л хатуудаж байна. Онц, муу гэж хэлж байгаад бал нь хугарчхав уу л гэж бодлоо. 74.2 хувь гээд өөртөө онц тавьчихаж. Арай л хэтэрнэ. Авилгалын индекс, эдийн засгийн үзүүлэлтээрээ ямар байгаа, өрхийн амьжиргаа яаж унасныг бүгд мэдэж байгаа. Засаж залруулах гээд үг хэлэхээр улс төржлөө гээд нэр хоч өгнө. Одоо ч дүнгээ тавиулна. Тэртээ тэргүй нохойн дуу ойртсон. Нэг хүн ногдох гадаад өрийн хэмжээ 33 сая төгрөг. Амьдарч байгаа хашаа, байшин бүр гадны өрөнд байна гэсэн үг. Юун 77.2 хувь. “Оюу толгой” компанийн өрийг оруулаагүй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Монгол Улсын хуулийн дагуу л зүйлсийг ярьж байгаа С.Ганбаатар гишүүн ээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хийгддэг дүгнэлт, шалгалт хийдэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хийсэн шалгалтаараа дүнгээ тавьдаг. Тэр дүнгүүд нь энд байна. Мөн УИХ-аас Аудитын байгууллагыг байгуулж, дүгнэлт хийдэг. Энэ дүгнэлтийг энд ярьж байгаа. 74 хувь гэдэг бол онц, сайн гэсэн дүн биш. Хэдүүлээ бодитой ярих хэрэгтэй. Оносон ололт, гарсан алдаа ч бий. Үндсэндээ хоёр жил цар тахлын үе байсан гэдгийг санах хэрэгтэй. Ололтууд бас байгаа, түүнийг харлуулаад хэрэггүй. Юманд хэтэрхий туйлширч хандаач ээ гэж хэлье” гэлээ.