Авлигын шүүх, нүүрсний хулгай хоёрын “хүйн холбоо”
Яг одоо УИХ дээр хоёр том асуудал давхцаж оччихоод байна. Нэг нь Шүүх байгуулах тухай хууль, түүн доторх Авлигын шүүх, нөгөөх нь нүүрсний хулгай, түүний учир шалтгааныг тодруулах нүүрсний сонсгол юм. Угтаа энэ хоёр маань еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. “...Хүйн холбоотой” гэвэл яг зохино. Хамгийн дөтөөр хэлэхэд, хэрвээ нүүрсний хулгай байгаагүй бол өнөөдөр улсаараа “...Нүүрсний хулгайн сонсгол хэзээ вэ” гээд хүлээж суухгүй, УИХ-ын гишүүд маань “...Авлигын шүүхийг дэмжинэ, дэмжихгүй” гээд гацахгүй, талцахгүй л дээ. Авлигын шүүх дээр “гадна”-аас ч олон талын байр суурь гарч байна. Нэг хэсэг нь “...37 оны Онц бүрэн эрхт комисс байгуулагдах гэж байна”, зарим улс төрийн хүчин “...Эрх баригчид спер хонгилын систем санаачилж байна” гэээд байгаа юм. Бас бодууштай байр сууриуд л даа. Хэлбийгээд хэтийдээд явчихвал ийм аюулууд бий. Магадгүй, Авлигын шүүхийн БЭТ шиг он цаг заасан хугацаатайгаар, тодорхой хэргүүдийг шүүн таслах үүрэгтэйгээр байгуулах хувилбар байж болох л юм.
Гэхдээ ганц нүүрсний хулгай ч бус өмнөх ЖДҮ, Хөгжлийн банк гээд шүүхээр орсон хэргүүд, Эрдэнэтийн 49, Т.Бадамжунайгийн зэрэг шүүх дээр очоод гацдаг, буцдаг хэрэг явдлууд л Авлигын шүүхийн хэрэгцээг бий болгож буй юм. Гэсэн ч Авлигын шүүхийг ХЗБХ нэлээд юм болж байж босгоо давуулах шиг боллоо. Чуулган яах юм, бүү мэд. Ядахад, Авлигын шүүх байгуулагдвал одоогоор хамгийн том хэргээр тодроод байгаа нүүрсний хулгайг шийдэх юм байна л даа. Учир нь энэ хулгайд олон улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцсон. Тиймээс Авлигын шүүхийн асуудлыг энэ л гацаагаад байх магадлалтай.
Яагаад гэхээр, нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгуулж байгаа хүмүүс хүмүүс нэг л үгийг маш олон давтамжтай хэлээд байна. “...Жинхэнэ хулгайчаа гаргаад ир” л гээд байгаа юм. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар тэгсэн. Бас “...Нүүрсний хулгайд холбоотой” гэж нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүд бүгдээрээ ингэж л хэлсэн. Мөн Хөгжлийн банк, ЖДҮ-гийн хэрэг, нүүрсний хулгайтай хэдэн сарын өмнөөс шүүхээр шийтгүүлж эхэлсэн хүмүүсийн хэн нь ч “...Би хийчихсээн. Үнэн. Баригдчихлаа” гэж хэлсэнгүй. Бүгдээрээ ихэд гомдолтойгоор шийтгүүлсэн. Энэ бол дээр хэлсэнчлэн нүүрсний хулгайн жинхэнэ эзэд нь одоогоор шүүх байтугай мөрдөх байгууллагын хаалгыг ч татаагүй болж таараад байгаа юм. Өмнөх авлигын том хэргүүдийн эзэд ч сугараад үлдсэн байх боломжтой гэсэн үг.
Одоо бол “...Нүүрсний хулгайн бодит үнэнийг нүүрсний сонсголоор илэрнэ” гэсэн олны хүлээлт үүсээд байна. Сонсголоор яригдах, ер нь нүүрсний хулгайтай маш олон нууц мэдээлэл Б.Энхбаяр сайдын гарт байна. Б.Энхбаяр “унтчихсан” байсан нүүрсний сонсголыг ямар ч байсан сэрээгээд босгоод ирсэн. Одоо “явуулах” гэж байна. Гэхдээ нүүрсний сонсголд “урих” хүмүүсээ ялгаад зарлах шиг болно лээ. Дандаа “хуучин” улстөрчид зарлагдсан. “...Одоогийнх, намынх нь хүмүүс хаачсан бэ” гээд хүмүүс асуугаад хоцров. Нүүрсний хулгайн сүлжээ хэргийн гол нь болох машины эздийг зарлахдаа ганц сэтгүүлчийг яриад өнгөрөөсөн нь бас л шүүмж дагуулж байх жишээтэй. Ингээд байгаа нь, Б.Энхбаяраас олон нийт “бүгдийг мэдэх”-ийг хүсээд байгаа хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, Б.Энхбаяр бол нүүрсний хулгайн “түүз”-ийг атгасан. Бас Хөгжлийн банкны асуудлаар ийм сонсгол хийсэн туршлагатай. Тэр утгаар нь нүүрснийхний хатгаас, ятгаасанд орчихгүй байх гэсэн найдлага байх шиг байна. Харин айвал, автвал тэгээд л дуусна даа. Өөрөөр ч, намаа ч удахгүй болох сонгуулиар хэлэх үг, ярих яриагүй болгоно. Хамгийн гол нь нүүрсний хулгайч нарыг олж, илрүүлж шийтгэхгүй бол нүүрсний хулгай хэвээр үлдэж, өмнөх 30 жил ирээдүйд ч үргэлжилнэ . Хил гаалиар олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр нэвтрүүлнэ. Ухна. Олборлоно. Нүүрстэй холбоотой гэрээний луйвар үргэлжилнэ. Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд улам олноороо орж ирнэ. Улс хоорондын тээврийн С зөвшөөрөл улам цэцэглэнэ. “...Төслийн санхүүжилт” нэрээр төгрөгийг тэрбум, их наядаар нь цөлмөнө. Харамсалтай нь энэ бүгдийг хэн ч харахгүй, сонсохгүй, ярихгүй. Учир нь тэр бүхэн “Далд эдийн засаг” хэмээх бидний мэдэхгүй ертөнцөд үргэлжилнэ. Ийм л юм, энэ Авлигын шүүх, нүүрсний хулгай гэдэг хоёрын “хүйн холбоо” гэдэг чинь...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)