“Фүкүшима-1” станцын цэвэрлэсэн усыг асгах ажлын хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ
Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлын хоёрдугаар хэсгийг өнөөдрөөс эхлүүлсэн тухай станцын оператор компани болох TEPCO (Tokyo Electric Power Company) мэдээллээ. Тус компани далайн эргээс нэг километрийн зайтай усан доогуурх хоолойгоор өдөрт 460 тонн цэвэрлэсэн усыг гурван долоо хоногоос бага хугацаанд асгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.
TEPCO ирэх гучин жилийн хугацаанд цахилгаан станцын 1000 гаруй нөөцлүүр саванд хадгалагдаж буй 1.34 сая тонн ус буюу цэвэрлэсэн усны 98 орчим хувийг далайд асгах юм. Далайн усаар шингэрүүлэн цэвэрлэсэн усан дахь тритийн агууламж литр тутамд 87 беккерель байгаа нь Японы аюулгүй байдлын стандартын зөвшөөрөгдсөн хэмжээ болох 1500 беккерелиэс хамаагүй бага байна гэж тус компани лхагва гарагт мэдээлжээ. Японы эрх бүхий байгууллага, TEPCO болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) хийсэн шинжилгээгээр станцын усыг асгах ажлын эхний хэсэг наймдугаар сарын 24-нөөс эхэлснээс хойш АЦС-ын эргэн тойрноос авсан далайн ус, загасны дээжээс тритий болон бусад цацраг идэвхт бодисын хэвийн бус хэмжээ илрээгүй байна. Станцын усыг асгах эхний хэсэг есдүгээр сарын 11-нд дууссан юм.
Гэсэн хэдий ч Хятад, Орос зэрэг зарим улс орон, түүнчлэн Фүкүшима мужийн загасчид Японы засгийн газрын шийдвэрийг шүүмжилжээ. ОУАЭХА-ийн аюулгүй байдлын шалгалт нь "цацраг идэвхт бодисоор бохирдсон ус"-ыг далайд асгах "ногоон гэрэл" биш гэж Бээжин мэдэгдээд уг төлөвлөгөөгөө зогсоохыг Японын эрх баригчдад удаа дараа уриалсан байна. Цэвэрлэсэн усыг асгах эхний үе шат эхэлсний дараа Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортод хориг тавьсан бол Японы тал Бээжинг хоригоо цуцалж, хоёр орны шинжээчдийг оролцуулан шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлж, дотоодын загас агнуурын салбарт учрах үр дагаврыг бууруулахад туслахыг уриалаад байна.