Ким Кардашьян “American Horror Story” цувралын 12 дугаар бүлэгт дүр бүтээнэ
Ким Кардашьян 2011 оноос хойш дэлгэцнээ гарж буй алдарт “American Horror Story” цувралын шинэ бүлэгт тоглохоор болжээ. “Ким бол хамгийн алдартай, хамгийн хурц гэрэлтдэг телевизийн оддын нэг бөгөөд ‘American Horror Story’-гийн хамт олон түүнийг угтан авч байгаадаа баяртай байна” хэмээн бүтээлийн хамтран зохиолч, найруулагч Райан Мёрфи хуваалцжээ. Мөн тэрээр Кимд зориулан хөгжилтэй, загварлаг, мөн туйлын аймшгийн дүрийг тусгайлан бүтээж буйгаа онцолсны сацуу шинэ бүлгийн хүрээнд урьд өмнөхөөсөө ч илүү том зорилгууд тавин ажиллаж байгаагаа үзэгчдэд сонордууллаа.
“American Horror Story”-гийн 12 дугаар бүлэг 2023 оны зун нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тус бүлгийн зохиол дээр цувралын түүхэнд анх удаагаа нэг хүн ажиллахаар болсон бөгөөд энэхүү үүргийг Хэйли Файфер хүлээхээр болжээ. Тэрээр өмнө нь “Impeachment: American Crime Story”-гийн зохиолыг хариуцаж байсан туршлагатай юм. Мөн Ким Кардашьянаас гадна цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнд Эмма Робертс, Мэтт Закри нар багтжээ.