Ганц балга усаар хүзүү, толгой, гар, нүүрээ угаадаг байсан нийгмийг “соёлын довтолгоон”-оор өөрчилсөн
Н.Мөнхсайхан гэдэг хүү соёлын довтолгооны тухай бичнэ үү гэж хүсчээ. Миний бие тухайн цаг үеийнхээ гэрч нь болохын хувьд энэ хүсэлтээс татгалзах учиргүй билээ.
Би соёлын довтолгооны өмнөх үеийн хөдөөгийн байдлыг дүрслэхийг оролдъё. Малчин айлын хүү би нийслэл хот болон аймгийн төвийн байдлыг мэдэхгүй гэдгээ нуух юун. Тэр үеийн настайвтар хүмүүс хувцас хунараа угаах тун дургүй, хирээ угаавал буян хишиг нь арилдаг гэсэн шашны сургаальд итгэчихсэн, гарынхаа тосыг дотоод хормойндоо юм уу дээлнийхээ дал мөрөнд арччихдаг, хөл гарынхаа хумсыг бараг авдаггүй, хумс нь хэтэрхий урт ургаад хугарч өө сэвтэй болж ажил хийхэд төвөгтэй болоход нь хайчаар засчихдаг, хумс авдаг зориулалтын хайч хутга байдгийг ч мэддэггүй байсан. Нүүр гараа угаахдаа ганцхан балга усаар хүзүү толгой, нүүр гараа угаасан болоод хормойгоороо арчдаг байсан болохоор “шүлсээрээ угаагаад шээсээрээ арччихлаа даа“ гэж шоолон хэлэлцдэг байв.
Ээж минь залуудаа Ялгуусан хутагтын дээд хийдэд цам үзэхээр ирээд хятадын пүүснээс нүүр гарын саван авсан ч цуг яваа ахмад хүмүүсийнхээ – хамаг буянаа арилгалаа, маяглалаа гэж загнахаас нь айгаад лам нарын түлшинд бэлтгэн нуруулдаж овоолсон аргалын цаана нуугдан байж нүүр гараа угаадаг байснаа дурсан ярьж байж билээ.
Мөн нэгэн эмэгтэй эмчид үзүүлэхэд түүний бие маш их хиртэй байсанд – та хамгийн сүүлд хэзээ усанд орсон бэ гэж эмчийг асуухад –хүүгийн эцэгтэй суудаг зун нүүж явахдаа голын усанд мориноосоо ойчиж норсноос хойш усанд ороогүй юм байна шүү гэж хариулсан гэдэг.
Хэдэн жилийн өмнө алдарт эмч Хайррул гуай – би эмч болоод Сэлэнгэ аймгийн нэг суманд очсон юм. Нэг залуухан эмэгтэй үзүүлэхээр ирэхдээ хөхнийхөө даруулгыг дан дээлийнхээ гадуур зүүчихсэн байж билээ. Түүнд яаж зүүдгийг зааж өгөхөд ихэд ичин намайг тус сумаас яван явтал надаас нүүр бууруулан зугтдаг байж билээ … гэж зурагтаар ярьж байсан. Тийм л байсан даа үнэндээ.
Зуны цагт том жижиггүй хөл нүцгэн явдаг байсан болохоор хөл нь эвэршин хатуурч, зузаан саарь тогтоно.
Сургуулийн хүүхэд бид л гар хөлийнхөө саарийг арилгах гэж мэрийдэг, усанд ордог байсан бол харин том хүмүүс саарьтай байгаадаа огт санаа зовдоггүй байсан юм. Мөн бөөс гэдэг муухай шимэгч амьтан их элбэг ер нь бөөсгүй айл бараг байгаагүй байх. Өвлийн хүйтнээр айлууд үстэй өмднийхөө үсийг гадагш эргүүлэн гадаа хонуулаад өглөө эрт эхнэрүүд нь нарийн саваагаар саваадаж бөөсийг нь хороодог байлаа. Ор хөнжлийн цагаан даавуу, дэрний уут зэргийг огт хэрэглэдэггүй, уур савссан халуун буузаа хормойгоороо сэвэх ч бүр энүүхэнд шүү дээ.
Өмнөх нийгмээс өвлөгдөн ирсэн ийм хоцрогдсон бүдүүлэг байдлыг халж хүн ардаа соёлжуулах зайлшгүй шаардлагын үүднээс “соёлын довтолгоон”-г эхлүүлсэн бизээ.
1960 аад оны эхээр юм уу даа аймгийн “Дөл” сонины нэгэн дугаарт … Хэрлэнгийн сангийн аж ахуйн механикжуулагч залуу Ч.Буд нь Дөл, Матар, Залуучуудын үнэн зэрэг 3-5 төрлийн сонин хэвлэлүүдийг захиалан уншиж дугаар бүрийг нь нямбайлан үдэж хадгалдаг байна. Мөн гэртээ ариун цэврийн булантай болж, түүндээ шүдний оо, сойз, нүүр гарын саван сахлын хутга зэргийг бүрдүүлжээ … гэх зэргээр бичсэн нь өнөөдрийн бидэнд инээдэмтэй мэт боловч тухайн үедээ бол соёлтой, боловсон хэвшилд дуудсан уриалга байж дээ…
Алтанхорлууд овогт Дугарын Пүрэв