Бичиг мину, үсэг ману

Бичиг мину, үсэг ману

Юутай ч гэсэн би бичиж байна. Та уншиж байна. Би ямар бичгээр үүнийг бичив ээ? Та ямар бичгээр уншиж байна вэ? Бичиг үсгийн тухайд ярих гэвэл латин бичиг, араб үсэг, хятад ханз гэхээсээ өмнө монгол бичгээ ярих биз ээ.
Монгол бичиг гэж байдаг уу?
Монгол хүн бичиж байгаа юм чинь, монгол нь уншаад ойлгож байгаа юм чинь монгол бичиг мөн л дөө. Бидний хэрэглэдэг албан ёсны бичиг нь энэ. Энэхүү бичгийг авч хэрэглэхээс өмнө хэрэглэж байсан бичгээ одоо цагт албан бусаар хааяа хааяа хэрэглэдэг билээ. Харин эдгээр бичгийн нэр нь юу вэ?
Бидний ярилцаанд “хуучин бичиг”, “шинэ үсэг” гэх мэтийн үг олонтаа тааралддаг билээ. Ямартай ч бид хуучин ба шинэ бичиг үсэгтэй улс билээ. Харин хуучин бичиг гэж байсан уу? Шинэ үсэг авахаас өмнө хэрэглэж байсан бичгээ “хуучин” гэж цоллосон болохоос хэрэглэж байх үедээ тийн нэрлэж байсангүй. Уйгаржин бичиг гэж нэрлэж байжээ гэж хэлж болно. Эрдэмтэн багш Х.Далхажав 1957 онд хэвлүүлсэн сурах бичгийн номоо “Уйгаржин монгол бичиг” хэмээн нэрлэсэн байдаг. Түүнээс хойш тэрхүү бичгийн хэрэглээ илт хомсодсон ч хааяа нэгэн сурах бичиг гарч байлаа. Харин 1980-аад оны дунд үеэс арай хожуухан Горбачевийн дулаарал манайд мэдэгдэн байх үест Чой.Лувсанжав багштан “Монгол бичиг” гэдэг томоохон сурах бичиг зохиож гаргав.
 
Манайхан аман яриандаа босоо бичиг, хуучин бичиг гэдэг тэрхүү бичгийг ерээд оны эхэн үеэс бага сургуульд зааж эхэллээ. Тэгэхдээ хичээлийн нэрийг монгол бичиг гэж нэрлэсэн билээ. Монгол бичгээр амлаж эхлэгчид нь дөрөвдүгээр анги төгсөөд шууд шинэ үсэгт шилжих болдог юм. Энд бөөн будлиан үүсч байж билээ. Тавдугаар ангиас эхлэн төрөл бүрийн ухааны хичээл орох гэтэл тэдгээр сурах бичгийг монгол бичгээр хэвлэн гаргаагүй байдаг. Хэвлэх ч бололцоо байхгүй байлаа. Үүнээс хойш монгол бичиг сурах идэвх аяндаа буурсан.
 
Монгол бичиг гээд байгаа маань чухамдаа энэ бичгийн нэр биш л болов уу. Монголчууд хэрэглэдэг болохоор л ингэж нэрлэчихээд байгаа юм. Чухамдаа өөр улс үндэстний бичиг үсгээс гаралтай гээд л хэл бичгийн эрдэмтэн мэргэд маань айлдаад байдаг сан.
 
“Монгол хэлний товч тайлбар толь” хэмээх хамгийн түгээмэл бичгийг Я.Цэвэл авгай зохиосон бөгөөд түүнийг төрсөн хүү Ц.Шагдарсүрэн нь нэмэн дэлгэрүүлж 2013 онд дахин хэвлэжээ. Тэр тольд цагаан толгойн үсгүүдийг толгой үгийн байранд тэтгэн тавиад ард нь хэрхэн тайлбарласнаас зарим жишээ татъя.
 
А – орос кирилл шинэ үсгийн А үсэг (1-р тал)
 
Б – оросжин кирилл шинэ үсгийн Б үсэг (73-р тал)
 
Ш – оросжин кирилл шинэ үсгийн Ш үсэг (1135-р тал)
 
Э – оросжин кирилл үсгийн Э үсэг (1193-р тал)
 
Ю – Шинэ буюу оросжин кирилл бичгийн цагаан толгойн Ю үсэг (1238-р тал)
 
Я – орос кириллжин шинэ үсгийн Я үсэг (1241-р тал)
 
Энэ цөөхөн тайлбараас үзэхэд миний одоо бичиж байгаа энэхүү бичгийг “орос кирилл шинэ үсэг”, “оросжин кирилл шинэ үсэг”, “оросжин кирилл үсэг”, “шинэ буюу оросжин кирилл бичиг”, “орос кириллжин шинэ үсэг” гэх мэтээр хэд хэдэн янзын нэр оноосон харагдана. Өдгөө Монгол Улсад албан ёсоор хэрэглэж байгаа бичгийг нэгэн тайлбар толийн дотор ингэж хэд хэдэн янзаар нэрлэжээ.  
 
Энэ тайлбарыг яагаад иш татав гэвээс энэхүү нөхөр Ц.Шагдарсүрэнгийн мэргэшил нь үсэг зүйч бөгөөд үсэг зүйн судалгаагаараа эрдмийн зэрэг хамгаалж, академич цол хэргэмийг хүртсэн цэмцгэр эрхэм билээ. Тийм алдар цуутай эрдэмтэн хүн л бичиг үсгийнхээ нэрийг ийнхүү хэд хэдэн янзаар нэрлэжээ.
 
Харин бидний аман ярианд “босоо бичиг” хэмээн нэрлэгддэг тэрхүү бичгийн албан ёсны нэр нь юу вэ? Энд хэн ч хариулт өгч чадахгүй. Үсэг зүйч Ц.Шагдарсүрэн ч хариулж чадахгүй. Бидний мэдээжийн олон зүйл энэ мэтээр нэр томьёоны гачаалд ороод байгаа юм.
Монгол бичгийг 2025 оноос хагас албан бичгийн хэмжээнд хэрэглэх шийдвэр гарчихаад байгаа юм уу даа. “Хагас” гэдэг үгийг өөрийнхөө дулимаг ойлголтын хэмжээнд хэрэглэсэн билээ. Албан ёсны шинэ бичгээрээ ядаж зөв биччихэж хүмүүс олигтой сураагүй бичгээрээ албан бичиг бичиж чадах уу. Сурч боловсорсон цөөхөн хэдэн хүнийг л махална гэсэн үг болох гээд байнаа даа, янз нь. Төрийн хэлний бодлогын зөвлөл энэ шийдвэрийг гаргуулан түүнийхээ дагуу нэлээдгүй ажлыг хийгээд байгаа ажээ. Энд ажиллаж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг сайшаахад буруудах юун. Харин энэ үүргийг гүйцэтгэх ёстой ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн гол асуудлын гадна талд түлхэгдэн хоцорчээ. Үндэсний монгол бичгээр албан бичиг хөтөлнө гэдэг шийдвэр хаанаас гарсан юм бол. Тэр хийрхлээ одоо зогсоох хэрэгтэй. Гадаад харилцаанд харин монгол бичгээ хааяа хавсарган хэрэглэж болно.
 
Энэ тухай ярих далимд хэрэглэж байгаа бичгийнхээ албан ёсны нэрийг оноон тогтоох нь зөв буй заа. Монгол бичгээр албан бичиг хөтөлнө гэдэг бол одоо бол үлгэр болсон. Хүн бүхэн л үндэсний бичиг үсэг чухал гэх атлаа тэгтлээ сурч чадсан нь хэд л бол доо. Орчин үеийн нөхцөлд гадаадын  хүний нэр, улс хотын нэр, мэргэжлийн нэр томьёо гээд монгол бичгээр бичихэд төвөгтэй, жигдэлье гэхэд төвөгтэй зүйл захаас аван тохиолдоно. 
 
Үүний хамт ярих ёстой нэгэн зүйл бол латин үсэг манай өнөөгийн монголчуудын албан бус бичиг болчихоод байна. Фэйсбүүк хэмээх нүүр номыг үзэх аваас латин үсгээр монгол хэлээр бичсэн зүйл захаас аван тааралдана. Монголчууд 1940-өөд оны үед латин үсэг авч хэрэглэх оролдлого хийж байсан ч тэгсхийгээд зогссон. Албан ёсны бичиг болж амжаагүй. Харин одоо албан бус бичиг болчихоод байна. Иймд Хэлний бодлогын зөвлөл нь байна уу, Хэл зохиолын хүрээлэн нь байна уу латин үсгийн албан бус дүрмийг тогтоох хэрэгцээ шаардлага аяндаа гарлаа. Энэ нь ШУА-ийн академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл монгол бичиг сурахаар оролдож байна гэдгээс илүү чухал асуудал болно.
Одоо хэрэглэж байгаа энэ бичгээ бид албан ёсоор ная шахам жил хэрэглэж байна. Зөв бичих зүйн дүрмээ тогтоож, түүндээ зохицсон толь бичгийг удаа дараа хэвлүүлсээр иржээ. Ийм байхад л бид алдаж бичээд байна. Сонин хэвлэл, ном зохиолыг үзэхэд жишээ таталтгүй элбэгхэн алдаа байгаа. За тэр өдөр тутмын, бүр цаг тутмын хэрэглээ болсон нүүр номоор дүүрэн алдаатай үг өгүүлбэр хөвж яваа. Дүрэмжүүлж чадсан хэдий ч хэдий хэрэглээндээ алдаад байгаа шинэ үсгийн асуудлыг зохицуулж чадаагүй шигээ латин үсгийн албан бус хэрэглээ, монгол бичгийн албан хэргийн хөтлөлтийг тавиад туучих юм уу, яах билээ. Бичиг мину, үсэг ману.
 
Я.Баатар
скачать dle 12.0