Хөгширч буй Хятад

Хөгширч буй Хятад

1982 оны долоодугаар сарын 1-нд БНХАУ хүн амынхаа тоог тогтоохоор албан ёсны тооллого эхлүүлж байжээ. Учир нь тус улс 1964 оноос хойш хүн амаа тоолоогүй байсан юм. 
Багагүй хугацаанд бэлдсэн улсын тооллогыг явуулахын тулд таван сая хүнийг урьдчилан бэлтгэж, тооллогод ашиглах компьютерийг тусгай хөнгөлөлтөөр АНУ-аас импортлон авч байжээ. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан болон зарим олон улсын байгууллага тооллогод тусалж 15.6 сая ам.доллар хандивлаж байв. Бэлтгэгдсэн таван сая ажилтан Хятад даяар гурван сарын турш өрх бүрээр орж гишүүдийг нь тоолсон байна. Ингээд 1982 оны аравдугаар сард New York Times сонинд “Хятадын хүн ам 1.008.175.288: Дэлхийн хүн амын дөрөвний нэг” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн байдаг. Хэдэн арван жилийн тасралтгүй өсөлт нь Хятадын хүн амыг “Тэрбум” гэсэн шинэ босгон дээр авчирсан бөгөөд тус улсад хоёр секунд тутамд шинэ хүүхэд мэндэлдэг байсан гэх тооцоо бий. 
Тиймээс хүн амын өсөлтөө бууруулах зорилгоор 1980 оноос тус улс “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эл бодлогыг 2016 оныг хүртэл 36 жилийн турш хэрэгжүүлсэн хэдий ч өнгөрсөн онд анх удаагаа хүн ам нь буурсан үзүүлэлттэй гарлаа. 
 2021 онд 1.41260 тэрбумтай байсан улсынх нь хүн ам 2022 оны эцсээр 1.41175 тэрбум болж 850 мянгаар буурсан болохыг Хятадын Үндэсний статистикийн товчооноос энэ оны эхэнд танилцуулсан. БНХАУ-д өнгөрсөн онд 9.56 сая төрөлт (2021 онд 10.6 сая), 10.41 сая нас баралт бүртгэгдсэн байна. 
Энэ нь 1960-аад оны эхэн үеэс хойш нас баралт нь төрөлтөө давсан анхны тохиолдол болжээ. Учир нь сүүлийн зургаан жилийн турш дараалан бууралттай байсан төрөлт өнгөрсөн онд хамгийн доод түвшинд хүртлээ буюу 1000 хүн тутамд 6.77 төрөлт болтлоо буурсан байна. Нас баралт төрөлтөө давсанд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь цар тахал байжээ. 
Хятадын хүн ам буурахад нөлөөлсөн хүчин зүйлс
1980 онд “Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс 11 жилийн дараа буюу 1991 онд тус улсад анх удаагаа төрөлт нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Учир нь төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын улмаас Хятадад эмэгтэйчүүд цөөн тооны хүүхэд төрүүлэх болсон юм. Харин дэлхийн ихэнх орнуудад хүн ам зүйн хямралаас сэргийлэхийн тулд нэг эмэгтэй дунджаар хоёр хүүхэд төрүүлдэг. 
Ийнхүү Хятад улсад эмэгтэйчүүд нь хоёроос бага хүүхэд төрүүлж байхад ч хүн ам нь дараагийн хэдэн арван жилд тасралтгүй өссөөр байсан юм. Энэ нь төрөлт, нас баралтын хоорондох зөрүүтэй холбоотой аж. Хятадад төрөлт буурсан ч хүн амын насжилт нь уртассан.
Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улс эдийн засгийн хүчирхэг гүрэн, дэлхийн гол үйлдвэрлэгч орон болж чадсан учир хүн амын дундаж наслалт нэмэгдэж, тэтгэврийн насныхны тоог ихэссэн байна. 2035 он гэхэд Хятадад 60- аас дээш настай хүний тоо 400 саяыг давж нийт хүн амынх нь гуравны нэгийг эзлэх төлөвтэй байна. Урд хөршид хүн амынх нь дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд 77 хүрч нэмэгдсэн. 
Шинжээчдийн таамаг зөрөх үү?
НҮБ-аас 2022 онд гаргасан дэлхийн хүн амын хэтийн төлөвийн тайланд Хятадын хүн амыг 2023 онд буурна гэж таамаглаж байсан. Гэхдээ энэ таамаг арай эрт буюу 2023 он гарахаас өмнө биелэлээ олсон. Хятадын хүн ам буурсан ч манай дэлхийн нийт хүн амын тоо үргэлжлэн өсөж 2030 он гэхэд 8.5 тэрбумд, 2086 онд 10.4 тэрбумд хүрч дээд цэгтээ хүрнэ гэж НҮБ-ын өнгөрсөн жилийн тайланд таамаглажээ. НҮБ мөн Энэтхэгийг хүн амынхаа тоогоор 2023 онд Хятадыг гүйцэж дэлхийд тэргүүлнэ гэж танилцуулсан. Харин зарим шинжээч Энэтхэгийг хүн амынхаа тоогоор аль хэдийнэ Хятадыг гүйцсэн гэж үзэж буй. 2022 онд 1.417 тэрбум байсан Хятадын хүн амыг 2030 онд 1.515 тэрбумд хүрнэ гэж таамаглаж буй.
Төрөлтийн түвшинг бусад улсуудтай харьцуулах нь
Хятадад төрөлтийн түвшин 1991 оноос хойш тасралтгүй буурч 2020 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.28 болж бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрсэн. Бусад оронтой харьцуулбал, тухайн онд Энэтхэгт нэг эмэгтэй тутамд 2.05, АНУ-д 1.64 төрөлт ногдож байжээ. Тэр тусмаа хамгийн бага төрөлттэй Япон улсад төрөлтийн түвшин нь Хятадаас бага зэрэг өндөр 1.34-тэй гарчээ. Хятадад хүйсийн тэнцвэргүй байдал төрөлт буурахад хамгийн ихээр нөлөөлсөн байна. 
Хөгширч буй Хятад
Механик хязгаарлалтын уршиг
“Нэг хүүхэд” бодлого хэрэгжих хугацаанд ихэнх айлууд гал голомт залгах эрэгтэй хүүхэд төрүүлэхийг илүүд үзэж, охин хүүхдийг ихээр үр хөндүүлж, гадаадад үрчлүүлэх тохиолдол элбэг байсан. Хятадад одоо 10 эмэгтэй тутамд 11-ээс дээш эрэгтэй ногдож байна. Энэ нь тус улсад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 34 саяар их гэсэн үг юм. Үүний улмаас хүйсийн тэнцвэргүй байдал ноёлж, хүн амын ихэнх хувийг эрэгтэйчүүд болон хөгшчүүд эзлэх болжээ. Хятад эрчүүдийн хувьд эхнэр авна гэдэг маш өрсөлдөөнтэй учир ирээдүйн эхнэрийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай тулгардаг. Харин эмэгтэйчүүдийнх нь хувьд өөртэй нь гэрлэх хүсэлтэй олон эрчүүдээс хамгийн өндөр боловсролтой, тогтвортой ажлын байртай, орон сууцтай, санхүүгийн баталгаа өгч чадах эрийг сонгохыг эрмэлздэг байна.
Хэдийгээр Хятадын Засгийн газар нэг хүүхэд бодлогоо цуцалж 2-3 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хүүхэд өсгөхөд шаардлагатай санхүүгийн асуудлаас болж залуу хосууд олон хүүхэд төрүүлэхээс татгалзах нь элбэг байгаа юм. Гэхдээ нэг сайн өөрчлөлт нь, залуу хосууд заавал эрэгтэй хүүхэдтэй болно гэсэн хуучны үзлээс ангижирч охин, хүүгийн аль нь ч байсан хамаагүй төрүүлдэг болжээ.
Хятадын эрх баригчид төрөлтийг дэмжих зорилгоор хүүхдүүдэд бэлэн мөнгө олгох, татвар, хөрөнгийн болон бусад олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа ч хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэх хүсэлтэй залуусын тоо буурсан байна. Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Сычуан муж хүн амынхаа өсөлтийг дэмжих зорилгоор гэр бүлийн хүүхдийн тоонд тавьсан хязгаарлалтыг цуцалсан. Ингэснээр тус мужид гэрлэлтээ батлуулсан хосууд хүссэнээрээ хэдэн ч хүүхэдтэй болох боломжтой болсон юм. 
Эерэг ба сөрөг нөлөө
Хятадын хүн амын бууралт нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлж магадгүй гэж Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Нийгмийн бодлогын тэнхимийн туслах профессор Шуан Чен үзэж байна. 2022 онд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн 27 хувийг БНХАУ дангаараа ялгаруулжээ. Үүнээс гадна дэлхийн  хэмжээнд шинээр баригдаж буй нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тал хувь нь БНХАУ-д баригдаж буй. 
Хятадын хүн амын бууралт тус улсад хүн ам зүйн хямралаас гадна эдийн засгийн хүндрэлийг бий болгох төлөвтэй байна. 2050 онд Хятадад дөрвөн хүн тутмын нэг нь тэтгэвэрийн насных байх учир ажиллах хүчний хомсдол үүсэж, тэтгэвэр тэтгэмж авагчдын тоо нэмэгдэх юм.  Дэлхийн томоохон үйлдвэрлэгч оронд үүсэх залуу ажиллах хүчний хомсдол цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0