Дуусаагүй дайны өрнөл

Дуусаагүй дайны өрнөл

2022 оны хоёрдугаар сарын 24-нд Киевийн цагаар өглөөний 05.00 цагийн орчимд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайн зарлалгүйгээр Орос, Крым, Беларусийн нутгаас Украины дөрвөн хэсэгт гэнэтийн довтолгоог эхлүүлснээс хойш нэг жил өнгөрлөө. 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дайтагч талуудаас тус бүр ойролцоогоор 100 мянга гаруй цэрэг амиа алдаж, шархадсан хэмээн Пентагон албан бусаар тооцоолж, 40 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдсэн гэж үзэж буй. 
Украины эдийн засаг 30 хувиар буурч, 43 сая хүн амынх нь 30 хувь дүрвэн, улс орны дэд бүтэц үлэмж хэмжээгээр сүйдэж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 50 хувь нь гэмтлээ. 
Зөвхөн Европын орнууд Украины найман сая гаруй дүрвэгчийг хүлээн авсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэ тивд нүүрлэсэн хамгийн том дүрвэгсдийн хямралд тооцогдож буй. 
Үндэс угсаа нэгтэй хөрш орнуудын сөргөлдөөн 2014 онд ОХУ Крымд бүх нийтийн санал асуулга явуулж  өөртөө нэгтгэснээс үүдэлтэй. Хар тэнгист гарцтай Крымын хойг нь Оросын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой юм. 
2014 оны тавдугаар сард Украинаас өөрийгөө салан тусгаарласан Бүгд Найрамдах Донецк ард улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсын тусгаар тогтнолыг ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 21-нд хүлээн зөвшөөрснөөсөө ердөө гурав хоногийн дараа Украины эсрэг гэнэтийн довтолгоог эхлүүлсэн юм. 
Хөршийн түрэмгийлэл
Гуравдугаар сарын 2-нд Хар тэнгисийн Херсон боомт ОХУ-д эзлэгдсэн анхны хот болсон ч есөн сарын дараа Украины хяналтад буцан очсон бол хамгийн ширүүн тулаан өрнөж олон мянган энгийн иргэн амиа алдсан Мариуполь хотыг Оросын арми тавдугаар сард бүсэлж, Украин цэргээ гаргахад хүрсэн билээ.
Есдүгээр сарын сүүлээр Украины нийт газар нутгийн 15 хувийг эзэлдэг Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад бүх нийтийн санал асуулга явуулж бүрэлдэхүүндээ нэгтгэсэн ОХУ-ын арми Херсон дахь хяналтаа алдаад буй ч Донбасст ширүүн тулаан өрнөсөөр байна.
“Албан ёсны” хохирол
НҮБ-аас 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2023 оны нэгдүгэээр сарын 22-ны байдлаар 7068 энгийн иргэн амь үрэгдэж, 11415 энгийн иргэн шархадсан нь албан ёсоор тогтоогдсон гэж танилцуулсан. Тэдний 429 нь хүүхэд.
Харин Зеленскийн засгийн газрын танилцуулсан албан ёсны тайланд хоёрдугаар сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар Украины армийн 13 мянга гаруй цэрэг амь эрсэджээ. 
ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 21-нд хамгийн сүүлд танилцуулсан албан ёсны тайланд армийнх нь 5937 цэрэг амь үрэгдсэн тухай дурджээ.   
Цөмийн аюул занал
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдан довтолсноосоо дөрөв хоногийн дараа цөмийн зэвсгээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал өгсөн нь дэлхий нийтэд Киевийн эсрэг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлсэн.
Москва цөмийн зэвсэг эзэмшихтэй холбоотой үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж буй учир цөмийн аюулаар далайлгаж, түрүүлж хэрэглэхгүй, зөвхөн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ашиглаж байгаа гэдгийг В.Путин өнгөрсөн оны сүүлээр мэдэгдсэн юм. Саяхан Норвегийн тагнуулын газрын тайланд өгүүлснээр Умард Флотын усан онгоцууд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаагаа тактикийн цөмийн зэвсэгтэй далайд гарч эхэлсэн нь дээрх үгэнд эргэлзээ төрүүлэх боллоо.
Тэгвэл Оросын төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сарын эхээр Женевт болсон Зэвсэг хураах тухай НҮБ-ын бага хуралд оролцохдоо Украинд барууныхан зэр зэвсэг, техник хэрэгсэл ихээр нийлүүлж байгаа нь цөмийн гүрнүүдийг мөргөлдөөнд хөтөлж болзошгүй гэдгийг анхааруулсан юм. 
Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослыг давтахгүйн тулд Украины өмнөд хэсэгт орших Запорожье атомын цахилгаан станцыг тойруулан цэрэггүй бүс байгуулахыг НҮБ ятгасаар буй. 
НАТО хийгээд Өрнөдийн оролцоо
Хэдийгээр Украин улс НАТО-гийн гишүүн биш ч АНУ, Канад болон Европын орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Умард Атлантын цэргийн эвсэлээс үлэмж хэмжээний дэмжлэг авсан. 
Эдүгээ дэлхийн 40 гаруй орноос Оросын эсрэг дайтахад нь Украинд 85 тэрбум орчим ам.долларын санхүү хүмүүнлэг, цэргийн тусламж үзүүллээ. Зөвхөн АНУ гэхэд жилийн хугацаанд 29.3 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн бол Европын холбоо их хэмжээний зэр зэвсэг нийлүүлж 3.1 тэрбум еврогоор Украины эдийн засагт дэм болжээ. 
ЗХУ-ын үед зэвсгийн томоохон үйлдвэрлэгч байсан НАТО-гийн гишүүн Болгар улс хоёр тэрбум еврогийн үнэ бүхий зэвсэг, сум нийлүүлсэн нь дайны эхний үед Украинд шаардлагатай байсан сумны гуравны нэг гэсэн үг. Түүнчлэн Болгар улс шаардлагатай түлш шатахууны 40 хувийг нь хангаж байсан удаатай.
Хэдийгээр АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дайнд ялах хүртэл шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ ил тод мэдэгдэж байгаа ч Украинд цэргээ оруулж Оросын эсрэг нүүр тулахгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож буй.
Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ оны хоёрдугаар сард Европт айлчлахдаа Оростой тулалдсанаар Украин зөвхөн өөрийгөө төдийгүй Европыг бүхэлд нь хамгаалж байгааг онцолж хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц нийлүүлэхийг уриалсан юм. 
Дуусаагүй дайны өрнөл
Технологийн тулаан
Технологийн эрин зуунд явагдаж буй Орос-Украины дайнд урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр сүүлийн үеийн дэвшилтэт зэвсэг болох дроныг өргөнөөр ашиглаж байна. 
Оросын зүгээс өгч буй цохилтын 80 хувийг агаараас хамгаалах систем нь устгаж  чаддаг болохыг Украин улс нотолсон. Лазер чиглүүлэгчтэй бөмбөгөөр зэвсэглэсэн 5 сая ам.долларын үнэтэй Туркийн “Baykar Bayraktar TB2” дрон гэхэд л дайсны хуягт машин, явган цэрэг, цэргийн объектуудад амжилттай цохилт өгсөөр буй. Түүнчлэн Америкийн Switchblade болон Оросын Ланцет дронууд энэ дайнд ашиглагдаж  байна.  
Украин улс барууны орнуудын дэмжлэгтэйгээр хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг бага багаар эзэмшсээр байгаагийн нэг нь  АНУ-ын нийлүүлсэн хуягт эсэргүүцэх пуужингийн “Жавелин” систем юм.  Энэхүү систеийн тусламжтайгаар Украины зэвсэгт хүчин Оросын 1500 гаруй танк, хуягт хэрэгслүүдийг устгаж чаджээ. 
Харин Оросын тал нийт танкныхаа 40 хувийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд алдсан гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн танилцууллаа.  
Сөрөг довтолгоо
Өнгөрсөн оны сүүлээр Украин улс Оросын газар нутгийн гүнд Зөвлөлтийн үеийн нисгэгчгүй онгоцноос цохилт өгсөн нь стратегийн чухал байгууламжууд руу нь халдах чадвартай гэдгээ батлан харуулсан үйл явдал болсон. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 5-нд Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцууд байрладаг ОХУ-ын Рязань мужийн “Дягилево” болон Саратов мужийн “Энгельс” цэргийн нисэх баазууд, дараагийн өдөр нь Курск мужийн нисэх буудал руу нисгэгчгүй онгоцноос цохилт өгсөн юм. 
Дайны сүүдэр туссан дэлхий
Украины эсрэг явуулж буй дайнаас болж ОХУ-ын төсвийн алдагдал 1998 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрч, төсвийн зарлага нь 59 хувиар өслөө. 2023 оны нэгдүгээр сард Оросын газрын тос, байгалийн хийн татварын орлого нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар буурчээ. 
Түүнчлэн барууны хоригоос болж байгалийн хий, газрын тосны экспорт хумигдан Азийн орнууд руу хямдралтай үнээр борлуулахаас өөр аргагүйд хүрлээ. Ингэснээр дэлхийд хүн амаараа тэргүүлэгч Энэтхэг, БНХАУ Оросын хамгийн том худалдан авагчид болов. Өнгөрсөн оны гуравдугаар сард Хятад, Энэтхэгийн Оросоос хямдралтай үнээр худалдан авсан газрын тосны хэмжээ ОХУ-ын Европын орнуудад нийлүүлдэг газрын тосны хэмжээнээс давжээ.
Орос Украины дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй зэрэг олон салбарт түүхий эдийн нийлүүлэлт тасалдан, урт хугацааны инфляц үүсгэв.  
Хоёр улсын үр тарианы импортоос ихээхэн хамааралтай орнууд тэр дундаа Африк тивд энэ дайн хүнд дарамт болж, өлсгөлөн ядуурал нүүрлэлээ. Украины дайнаас болж тус тивд үр тарианы үнэ 45 хувиар өссөн гэж Африкийн Хөгжлийн банкнаас өнгөрсөн онд мэдээлж байсан юм. Тэгвэл дайн өрнөсөн нэг жилийн хугацаанд дэлхий даяар хүнс, түлш, бордооны үнэ өсөж өлсгөлөнгөөр амиа алдахад ойрхон хүний тоо 70 саяар нэмэгдсэн гэж НҮБ тооцоолжээ. 
Одоогоор дайтагч талуудын аль нь ч буулт хийж, гал түр зогсоох бодолгүй, Бахмут орчимд цус урсгасан ширүүн тулалдаан өрнөж байна. Зүүн Европт ассан дайны галыг унтраахаар Беларусь-Украины хилийн заагт энхийн хэлэлцээр хийх гэсэн гурван ч удаагийн оролдлого үр дүнд хүрсэнгүй.  
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0