Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн, зам дээр танхайрсан жолооч нарын 70 хувь нь торгуулиа огт төлөөгүй байна
Ж.Сүхбаатар сайд холбогдох албаныхантай уулзан зарим ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгчээ. Уулзалтын үеэр яригдсан гол гол мэдээллийг товч хүргэе. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд шинээр орж ирж байгаа автобуснуудыг оновчтой чиглэлүүдэд хуваарилж, ачаалал ихтэй оргил цагуудад нийтийн тээврийн богино эргэлтийн давтамжийг нэмэгдүүлэн, чиглэлийн уян хатан зохицуулалт хийх ажил тун чухал. Иргэд аль болох автобусаа удаан хүлээхгүйгээр, тэдэнд түргэн шуурхай үйлчлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан энэ чиглэлд зохицуулалт хийж буй ажлаа танилцууллаа.
Энэ онд Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийх зорилго тавин ажиллаж байгаа. Нийтийн тээвэр саадгүй, түргэн шуурхай зорчиход 1 дүгээр эгнээгээ бүрэн чөлөөлөх журмын хэрэгжилт маш чухал. Өнгөрсөн 12 дугаар сард хэрэгжүүлсэн “Нэгдүгээр эгнээг Нийтийн тээвэрт” арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Цаашид Наадамчдын өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөгөөр ачаалалтай цагуудад автобуснуудыг 1 дүгээр эгнээгээр явуулах бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин Энхтайвны өргөн чөлөө дагуух замуудад байрлуулсан хяналтын камер, E-police аппликэйшн ашиглан иргэд олон нийтээс ирүүлсэн баталгаажсан зөрчлийн торгууль төлөлт хангалтгүй байсаар байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 829,943 зөрчил бүртгэгдсэнээс тал хувь нь 1 дүгээр эгнээгээр автомашин явсан зөрчлүүд эзэлж байна. Харамсалтай нь замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн өөрөөр хэлбэл зам дээр танхайрсан жолооч нарын 70 хувь нь торгуулиа огт төлөөгүй байна. Энэ байдал нь цаашид торгуулиа төлөхөд хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байгаа!
Өнөөдрийн уулзалтаар яригдсан бас нэг асуудал нь 1 дүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс тусгайлсан хашлага хаалт хийх ажлын явцын мэдээллийг авлаа. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас бидэнд танилцуулснаар энэ оны эхний хагаст багтаан Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр зорчих хэсгийг тусгаарласан хашлага хийх ажил дуусгах явцтай байна. Уулзалтад Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Баасанжав, Замын цагдаагийн газрын Дэд дарга Ч.Батболд, Замын цагдаагийн газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга М.Ариунболд, Замын цагдаагийн газрын Технологийн хэлтсийн дарга Б.Баттулга, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С. Жавхланбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Б.Тамир, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Одбаяр, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Ерөнхий инженер Б.Баатархүү нар оролцлоо.