Манай оронд буй арилжааны банкууд бол “дархлагдсан том ломбардууд”

Манай оронд буй арилжааны банкууд бол “дархлагдсан том ломбардууд”
Эх орны маань эзэд сэрцгээлээ
Эх орны маань эзэд сэржээ. Тэд одоо алдсан хохирсноо бүртгэж нөхөн төлүүлэхээр оролдож эхэллээ. Энэ бол тун зөв ажил, юуны өмнө л хийгдэх ёстой зүйл. Бүхэл бүтэн 29 жилийн (1990-2019 он) дотор 3 сая хүн, 800 мянга гаруй гэр бүл юу юугаа алдчихаад байна вэ? Яг бодитой юу алдав, боломж, нөхцөлөө хэрхэн хулгайлуулав, ямар ямар төрөл, хэлбэрийн хохирол үзэв, хэд хичнээн хүний амь нас, эрүүл мэнд сүйдэв, хэд хичнээн залуус нэр төрөө гутааж буруу замаар оров, хэд хичнээн охид хүүхнүүд аргагүйн эрхээр эх орноо орхив, ажилгүйдлээс болж архинд донтож, хар тамхинд мансуурав, хэд хичнээн өндөр настай буурлууд цаг бусаар хорвоог орхив, хэд хичнээн охид биеэ үнэлж бусдад худалдагдав, хэд хичнээн нярай үрс эндэв, хэд хичнээн залуус хоригдол, ялтан болов? Энэ бүх хохирол бол нийгмийн амьдралыг буруу удирдсаны гай, уршиг, хулхи ардчилагчдын, МАН-АН-ы луйварчдын тарьсан балаг юм.
Олон тоотой, чанар муутай мал бүхий иргэд “Баян нэг л шуурганаар” гэдэг үгнээс 10 дахин ихээр айх болов. Ашиглалтын хугацаа нь дуусаж нэн эмзэг болсон, хэзээ л бол хэзээ эзнээ хөнөөж мэдэх актлагдсан машинуудын үүдэх аюулыг автын цагдаа нар түгшүүртэйгээр мэдээлэх болов. Гадаад орнуудад очиж боолын хөдөлмөр эрхлэх болсон залуусын олонхи нь үл анагаагдах эмгэг, өвчин олоод үхэж үрэгдэх нь ихэслээ. 29 жилийн туршид бид золбирсон хүүхэд, гэр оронгүй хүмүүсийг харж гутаж, гунихарч явна. Том өрийн дарамт, хорт хавдрын түгшүүр, үхэл, улам л ихэссээр байгаа хулгай, дээрэм, хүчирхийллийн “цус царцаж зүрх зогсом” аймшигт хэргүүд, улстөрчид нь хулгайч, луйварчин болсон, прокурор цагдаа нь бирд болсон, шүүгчид нь хачиг, хувалз болсон бодит үнэн-тоочоод ч барамгүй энэ бүх сөрөг үзэгдлийг хэн хэн авч ирэв, юу юу үүнд хүргэв, гол буруутан нь жирийн иргэд үү?, намуудын удирдлага уу?, үе үеийн ерөнхийлөгч үү?, ерөнхий сайд нар уу?, эсвэл улсын прокурор, цагдаагийн дарга, дээд шүүхийн дарга уу? Ийм юм бичихэд хүргэсэн хувь заяандаа би гутарч байна. Ямар л хүнд бэрх цаг үед бид төрж, өсөж, өтөлж байна даа!
Билчээр хомс, хадлан бага, тэжээл тариалах нь бага нөхцөлд чанар муутай олон мал бол найдвартай хөрөнгө биш. Элэгдэж хуучирсан, бензин их иддэг болчихсон суудлын машинууд ч гэсэн бас найдвартай хөрөнгө биш. Эрэлт ихтэй нарийн мэргэжил эзэмшээгүй залуус бол бас л амьдралаа аваад явчих хүмүүс биш. Өндөр хүүтэй зээл бол ашиг, орлого олоход туслах хэрэгсэл биш. Сургалт муутай их, дээд сургуулиуд бол охид, хөвгүүдийг диплом гээч хавтсаар хуурдаг, амьдралын нь дөрвөн жилийг л хумсалж хороодог газар. Чанар муутай зам тавиад, тэр нь дорхноо эвдрээд байх юм бол төсвийн хөрөнгийн байнгын нэгэн баруул л гэсэн үг... Энэчлэн тоочоод байх аваас хөгжил, дэвшил, хөрөнгө гэхээр чанартай юм алга шахуу... Олон дахин сонгогдож мэрэгшсэн гэгдэж буй улстөрчид нь ч гэсэн үндсэндээ энэ салбарын “үнэ хямдарсан бараа” төдий.
Банк-санхүүгийн ажилтнууд нь ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд биш харин доошлуулахад сонирхдог мэт хүмүүс болчихжээ...
Гэм буруутанд хүлээлгэдэг хариуцлага ч гэж бараг алга. Хувь хүнд, тухайн гэр бүлд, ард олны өмчид учруулсан хохирлыг төрөл, хэлбэрээр нь тооцож барагдуулах ажил ор нэрийн төдийхөн болов. Нялх нойтон дөрвөн хүүхэдтэй өрхийн тэргүүлэгчийн амь насыг бүрэлгэсэн тохиолдолд хүүхдүүдийг нь насанд хүртэл нь гэмт этгээд тэтгэлэг төлөх ёстой баймаар. Ажил эрхлэх боломжгүй ээжийн нь нуруун дээр ямар хүнд ачаа үүрэгдэн үлдэж байгааг, бэлэвсэрсэн бүсгүй, нялх хүүхдүүд нь сэтгэл санааны ямар их хохирол амсаж буйг ч үл хэрэгсэх шахам болчихжээ... 
Ард түмний өмч болох ашигт малтмалыг зоргоор шахам ашиглах, зөөх эрхийг харь хүмүүст олгоод хариуд нь их авлига авсан хүмүүсээс хурааж авсан мөнгө төгрөг, үл хөдлөх хөрөнгө, гадаад оронд буй орд харшийг нь ядаж битүүмжилсэн гэх мэдээ ер байна уу? Доллараар тооцох аваас ард түмний өмчид учруулсан хохирол олон тэрбум доллараар хэмжигдэх учиртай. Хууль, хүчний байгууллагууд энэ их хохирлыг гэмт этгээдүүдээс 100 хувь гаргуулах ёстой. Өмчөө луйвардуулаад, дээрээс нь луйварчдыг барих, хорих, байцаах гэж өч төчнөөн хөрөнгө зараад эцэст нь тэднийг цөөхөн жилээр ял эдлүүлэх нэрээр хооллож ундлах, хорьж цагдах болбол ёстой л “ямаан дээр нэмж тэмээний гарз” гээч болдог байх даа! Учруулсан хохирлыг төлүүлэх ажил ард түмний хатуу хяналтын дор гүйцэтгэгдэх учиртай. Энд элдэв заль мэх, арга саам гарах аваас буруутныг нь даруй илрүүлж шийтгэх ёстой. 
Манай оронд буй арилжааны банкууд бол “дархлагдсан том ломбардууд” юм.
Барьцаалж зээл авч болох бүх өмч хөрөнгийг тэд хурааж авч дуусгах төлөвтэй боллоо. Амины өмч болох цөөхөн зүйлээс өөр хөрөнгөгүй иргэдэд 30-70 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь ердөө л төрийн хуулиар хамгаалуулан хийж байгаа дээрэм, луйвар шүү дээ! Улаан цайм явагдаж байгаа энэ дээрэм олон олон шударга бизнесменүүдийг буруу зам руу хүчээр түлхэн оруулж эцэст нь ялтан болгож байна. Тэд аргагүйн эрхээр хууль бус үйлдлүүдийг хийдэг, авлига өгдөг, хуурамч тамга тэмдэг, гарын үсэг ашигладаг болжээ. Төр засгийн буруу бодлого, алдаа завхрал нь ёрын муухай үр дагавруудыг үүдэх болсоор удлаа. Засрахыг нь хүлээх тэвчээр одоо хэнд ч алга болов. Цаашид хэрхэх билээ хүмүүс ээ, сонгогчид оо?...
“Эзэн нь өмчөө мэдэж, эрэг нь усаа хашдаг” жам дагуу ард олон маань шаардлага тавьж, шударга ёсыг нэхэж, төрийн хэрэгт биечлэн оролцож эхэллээ. 
“Эзэн нь хичээвэл л заяа нь хичээдэг” гэх үг жирийн иргэдийн хувьд сахих, дээдлэх ёстой хууль юм шүү! эх орон нэгтэй хүн зон минь!
Тодорхой онол, нэг үзэл санаа, нэгдмэл зорилго тойрч, намын хатуу сахилга бат, хариуцлаганд захирагдаж, намын даргын ажил хэрэгч шилэн сонголтоор шинэ кабинет бүрэлдэх учиртай. Гэтэл манайд “далайн томоохон дээрэмчдээс өгсөн хандивын нь хэмжээг баримжаалан” шинэ баг бүрдүүлсэн мэтээр ихэнхдээ л танхай хүмүүс кабинетэд ороод зоргоороо аашилж, идэж ууж, бүр намын даргаа, ерөнхий сайдаа дарамталж байх болжээ. Тэдний учруулсан хохирол эд материалын, өмч хөрөнгийн, ёс суртахууны, хариуцлага, сахилгын, сөрөг нөлөөллийн гэх мэтээр тун ч олон талтай юм. Ядаж л төгрөгөөр, доллараар хэмжиж болох шууд хохирлыг нь яв цав төлүүлэх ёстой. 

Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0