ЕХ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэнэ
Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Чех улсын Прага хотод болох Европын Холбооны /ЕХ/ албан бус дээд хэмжээний уулзалтаар Украинд болж буй үйл явдал, эрчим хүч, эдийн засгийн байдал гэсэн гурван гол асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчдыг уг уулзалтад урьсан захидалдаа мэдээлсэн байна.
“Бид ОХУ-д үзүүлэх шахалтаа цаашид нэмэгдүүлэхийн тулд хязгаарлалтын арга хэмжээгээ үргэлжлүүлэн чангатгана. Бид уулзалтаараа Украинд хэдий хэмжээгээр шаардагадана төдий хэмжээгээр эдийн засаг, цэрэг, улс төр, санхүүгийн хүчтэй дэмжлэгийг хэрхэн үргэлжлүүлэн үзүүлэх талаар ярилцана" гэж Мишель ЕХ-ны орнуудын төр, засгийн тэргүүн нарт илгээсэн захидалдаа бичжээ.
"Бид бас чухал дэд бүтцээ хэрхэн хамгийн сайн хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. Бидний гол зорилго бол ялангуяа өвлийн хүйтэн ойртож буй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдээ найдвартай, хямд эрчим хүчээр хангах явдал юм" гэж Европын Зөвлөлийн тэргүүний захидалд дурдсан байна. Түүний хэлснээр, ЕХ-ны орнуудын удирдагчид "энэ талаар хэдийнээ гаргасан шийдвэрийг хэлэлцэж, сайн зохицуулалттай хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай цаашдын арга хэмжээний талаар зөвлөмж гаргана".