“Quad”-ийн удирдагчид бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг хэлэлцэнэ
АНУ, Япон, Энэтхэг, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний /Quad/ гишүүн орнуудын удирдагчид бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөө болон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай холбоотой асуудлуудыг Токиод хэлэлцэнэ гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе уг дээд хэмжээний уулзалтад оролцохоор мордохынхоо өмнө мэдэгджээ.
Альбанезегийн хэлснээр, “Quad”-ын удирдагчид тавдугаар сарын 24-нд Токиод уулзах үеэрээ “бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг хэрхэн сөрөн зогсох талаар хэлэлцэнэ”. “Миний тэргүүлэх Засгийн газрын удирдлага дор Австрали улс манай бүс нутагт эрүүл мэнд, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр нааштай, бодит санаачилгуудыг хэрэгжүүлэхэд “Quad”-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгдээд бүс нутгийн улс орнуудын гадаад бодлогын талаар мөн хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна, Альбанезе “Quad”-ын удирдагчидтай хийх уулзалт нь Австралид шинэ Засгийн газар гарч ирснийг түншүүд болон дэлхий нийтэд харуулах болно” гэж онцолсон байна. “Мөн энэ Засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Австралийн шинэ хэтийн төлөв, түүнчлэн ардчиллыг хадгалах, залгамж чанарыг үргэлжлүүлэх бидний шинэ чиг шугамыг харуулах болно" гэж тэрбээр мэдэгджээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Гадаад хэргийн сайд Пенни Вонг нар Токиод даваа гаргийн орой хүрэлцэн очих төлөвтэй байна. Тэд “Quad”-ийн удирдагчидтай уулзсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын уулзалт хийнэ.
Тавдугаар сарын 21-нд Австралид парламентын сонгууль болсон. СЕХ-ных нь урьдчилсан мэдээллээр, сөрөг хүчний Лейборист нам Төлөөлөгчдийн танхимд (парламентын доод танхим) дор хаяж 77 суудал авч байгаа бөгөөд ингэснээр намын дарга Альбанезе Ерөнхий сайдын албан тушаалыг авч, сайд нарын танхимыг шинээр бүрдүүлэх эрхтэй болж буй юм.