Монголд хэн ч хогын цэг дээр амьдрах ёсгүй
Жули Вэлүү гэх канад эмэгтэйн санаачилгаар “Нарны хүүхдүүд” цэцэрлэг нь Улаанчулуут дээрх хүүхдүүдийг асарч халамжлан боловсрол олгох зорилгоор 2013 онд байгуулагдсан. “Veloo” сан нь анх 2013 оноос Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанчулуутын хогийн цэгийг түшин амьдарч буй өрх, гэр бүлүүд болон ялангуяа хүүхдүүдүүдэд туслах юм.
Тэрээр МҮОНТ-ийн ярилцлагадаа ”Маш олон хүүхдүүдийн хэцүү амьдралыг хараад эдгээр хүүхдүүдэд нэг зүйл хийж өгмөөр санагдсан. Учир нь хүүхдүүд даарах нь даарч, хоолгүй байх тохиолдол ч байсан. Хамгийн гол асуудал нь хүүхдүүд сургуульд сурдаггүй байсан. Анх жижигхэн гэр хийж өгнө л гэж бодож байсан боловч ажил минь эхэлсэн өдрөөс хойш маш олон хүмүүс дэмжсэн юм. Дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн мөнгийг бага багаар хурааж манай төсөл улам том болсон тухайгаа дурджээ.
Түүний санаачилсан ”Нарны хүүхдүүд” төсөл өргөжин анх гэр цэцэрлэгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнөөдөр хоёр давхар цэцэрлэг, оёдлын цех, тав тухтай номын сан, сургалтын төв зэргээр үйл ажиллагаа явуулж олон хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нээн, ажилгүй орлогогүй иргэдийг ч мөн ажлын байраар хангаад байна.
Мөн нэн тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдүүдийн амарч зугаалах тал дээр онцгойлон анхаарч гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан зуслан ажиллуулдаг нь нэн сайшаалтай байгаа юм. Түүний хажуугаар зорилтот бүлгийн айл өрхөд хүнсний хандивын аян өрнүүлдэг гэв.
Эх сурвалж: Монголын Мэдээ