Гадаад дахь ЭСЯ, консулын газар “тоног төхөөрөмж” нэрээр 1,8 тэрбум төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашин худалдан авчээ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй гэх “хэмнэлтийн бодлого” хилийн дээсний цаана байгаа төрийн байгууллагуудад үйлчилдэггүй аж. Өнгөрсөн 4-р сард хэд хэдэн оронд суугаа манай ЭСЯ, консулын газар, худалдааны төлөөлөгчийн газар “тоног төхөөрөмж” нэрээр бараг хоёр тэрбум орчим төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашин худалдан авчээ. Энэ хавар монгол төрийн “алтан аргамжаа” нар “мерседес-бенц”, “бмв” “тоёото” брэндийг сонгосоноос “бмв”-г илүүтэй “таалжээ”. Бангкокын ЭСЯ 262 сая төгрөгөөр, Будапештын ЭСЯ 265 саяар, Брюсселийн ЭСЯ-ынхан 254 сая төгрөгөөр тус тус дээрхи тансаг зэрэглийн автомашин худалдан авчээ. Хөх хот дахь консулын газар 199 сая төгрөгөөр мөн худалдан авсан байна. Алдарт “Мерседес-Бенц”-ийг Лондон дахь ЭСЯ 262 саяар, Ром дахь ЭСЯ 205 сая төгрөгөөр өөрийн болгожээ. Истанбулын консулын газар 164 сая төгрөгөөр шинэ “бенц”-ээр гараашаа “мялаасан” аж. Эрээний консул хүртэл 137 сая төгрөгийн "бенц"-тэй болжээ. Зардал ихтэй ЭСЯ, ЕКГ дээр тансаглах дуртай Владивосток дахь худалдааны төлөөлөгчийн газар нэмэгдэж 137 сая төгрөгөөр “тоёото” жийп авсан байна. Ийнхүү ердөө нэгхэн сарын дотор “алтан аргамжаа” нар хоёр тэрбум орчим төгрөгөөр “тоног төхөөрөмж” нэрээр унаагаа сэхмэн юүлээд амжжээ.
Эх сурвалж: tumen.mn