Цагдаа нар Бритни Спирсийн гэрээс түүний анхны нөхрийг баривчилжээ
Бритни Спирсийн анхны нөхөр Жейсон Александрыг пүрэв гарагт дуучны гэрээс баривчилжээ. Гэрт нь хүн хууль бусаар нэвтэрсэн тухай дуудлага цагдаагийн газарт ирсэн байна.
Тодруулбал түүнийг хууль бус үйлдэл хийсэн, бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, хууль бусаар нэвтэрсэн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Вентура дүүргийн Шерифийн хэлтсийн төлөөлөгч мэдэгдэв. Александрыг 20 мянган ам.долларын барьцаагаар хорьсон гэв.
Мөн Александрыг Бритнигээс хол байхыг шаардсан тушаалыг яаралтай гаргасан гэжээ. Сонирхуулахад тэд 2004 онд гэрлэлтээ батлуулснаас хойш 55 цагийн дараа цуцлуулсан юм.
TMZ-ийн дамжуулсан мэдээллээр Александр удахгүй хуримаа хийх Спирсийн төлөвлөгөөг нураах зорилготой байсан гэж мэдээлжээ. Мөн тэр 2016 онд их хэмжээний эд зүйлийн хулгай болон хулгайлсан эд хөрөнгө худалдаж авсан гэмт хэрэгт холбогдож байжээ.
Спирсийн өмгөөлөгч Мэтью Розенгарт "Александрыг баривчлахад шуурхай ажилласан Вентура тойргийн Шерифийн албанд талархлаа илэрхийлье. Бритнид ямар нэгэн аюул учраагүй” гэжээ. Харин тэрбээр дуучны хуримын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Александрын өмгөөлөгч мөн тайлбар авах хүсэлтэд хариулахаас татгалзжээ.
Эх сурвалж: Today