Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ
МОСКВА. /RIA Novosti/. Их Британид Вьетнамын 39 иргэн амиа алдсан хэрэгт холбогдуулан тус улсын долоон иргэнийг хууль бусаар цагаачлахад зуучилсан, зохион байгуулсан хэрэгт буруутгасан тухай “Vietnam News” агентлаг мэдээлжээ.
“VnExpress” сонинд мэдээлснээр, Хатинь мужийн цагдаагийн газар дээрх долоон хүний зургааг нь баривчилсан бөгөөд нэг хүнийг олон улсад эрэн сурвалжлагдаж буй иргэдийн жагсаалтад оруулсан байна. Уг этгээд одоогийн байдлаар БНХАУ-д байгаа аж. Хэрэгт буруутгагдсан этгээдүүд үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Их Британи болон Европ руу 60 гаруй хүнийг хууль бусаар явуулсан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-нд Их Британийн Эссекс гүнлэгийн цагдаа нар Бельгиэс тус улсад ирсэн хөргөгчтэй ачааны тэргээс 39 хүний цогцос илрүүлсэн юм. Амиа алдсан хүмүүсийг эхлээд Хятадын иргэд гэж үзэж байсан боловч Вьетнамын иргэд болохыг тогтоосон. Их Британийн цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилжээ.