“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

 

“...Эмээлтээс илэрсэн “но”-той мах Хятад руу гардаг уу, махны зах руу хүргэгддэг үү” гэдэг талаар олон нийт одоо болтол тодорхой мэдээлэлгүй байна.  Олон эх сурвалж, голдуу хэвлэлүүд “...Хятад руу экспортолдог мах байсан” гэж мэдээлэв. Гэтэл Эмээлтээс гарч ирсэн тэр мах Хятад руу биш, махны захууд руу явдаг байсан байх өндөр магадлалтай. Учир нь хятад хүн Хятад руугаа ийм янзаар бэлтгэсэн мах яагаад ч явуулахгүй. Бэлтгэлээ ч явуулж амжилгүй баригдана. Тиймээс Эмээлтэд бэлтгэдэг махтай холбоотой дуулианаас үүдээд лав л хотынхон хиам, зайдаснаас татгалзаад эхэлсэн. Тааралдсан ресторан, зоогийн газартаа ч махтай хоол идэхээс зайлсхийдэг боллоо. Ямар мах идэж байгаагаа мэдэхээ больсон. Эргэлздэг болсон. Энэ муу явдлын сайн тал нь гэвэл томоохон хоолны газрууд махныхаа “эх сурвалж”-ийг танилцуулдаг болж байна. Энэ буруу биш. Эмээлтэд гарсан явдлаас үл хамаараад ингэж байх ёстой юм.

 

Ер нь бол мах экспортлох үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр талаасаа нэлээд нарийн хууль, тогтоомжийн хүрээнд явагддаг байгаа юм. Тухайлбал, анх Монгол, Хятадын ХАА-н дэд сайд нар 2011 оны аравдугаар сарын 27-нд өдөр хэлэлцээр хийж,  “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, Хятад улсад экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монголын МХЕГ, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар” хоорондын протокол, 2016 оны наймдугаар сарын 29-нд “Монголын МХЕГ болон Хятадын ЧХШХЦЕГ хооронд Монголоос Хятадад экспортлох үхрийн  махны хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протокол” -д гарын үсэг зурсан. Ингэснээр манай улс үхрийн мах болон дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Хятадын талаас манайхаас очиж байгаа маханд Малын гарал үүсэл, Мал эмнэлэг, Бүтээгдэхүүний хорио цээр, Тээвэрлэлт, Сав баглаа боодол, хаяг шошгын шаардлагыг тавьдаг байгаа юм.

 

Харин манай тал буюу МЭЕГ, МХЕГ-аас Мах эхлэн боловсруулах үйлдвэр, Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага,  Махны хадгалалтын нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үе, Махны үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт зэрэг шалгалтыг хийдэг. Тэгсэн ч гэсэн манайхан энэ хяналт шалгалтыг авлигынхаа зэвсэг болгочихсон. Дагаад мах экспортлох үйл ажиллагаа тэр чигтээ хууль бус үйлдлээр дүүрчихэж байгаа юм. Гардаж хийдэг нөхдүүд нь ХААЯ, МХЕГ, МЭЕГ зэрэг байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд байдаг. Бүр дээр нь УИХ-ын гишүүд, сайд нар яригддаг. Өнөөдөр Эмээлтэд үүсээд байгаа нөхцөлийн үндэс нь тэр. Өөрөөр хэлбэл, сүүлийн арваад жилийн хугацаанд Хятадтай хийдэг махны экспорт тэр чигээрээ авлигын сүлжээ үүсгэсэн “махны мафи” ажиллаж байсан гэсэн үг. “...Олон хавар нэгэндээ” гэдэг дээ. Ямартай ч, хууль хяналтынхан дээрх хэргийг шалгах ажлаа саяхнаас сүрхий шуурхайлж эхэллээ. Энэ хэрэг зөрчил социализмын үеийн мах, хиамны үйлдвэрийн суурь дээр боссон компанитай очиж холбогдож байх шиг байна. Хуулийн байгууллага ч яахав, буруутай нөхдийг олоод хариуцлага ярина. Энэ нэг л хэрэг.

 

Харин бид цаашид идэж буй махаа хор болохгүй гэдэгт яаж итгэлтэй байх вэ. Төр, засаг хэрхэн анхаарч байна вэ.

Энэхүү мах тойрсон асуудлаар Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “...Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Тэр үеэр Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаатай өгсөн. Тэр нь өчигдөр дууссан.

Засгийн газар өчигдрийн хуралдаан дээр ажлын хэсэг танилцуулга хийжээ. Үүний дараа тодорхой шийдвэрүүдийг  гаргасан байна. Дориухан шийджээ. Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.

 

Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.

Тэгэхээр монгол хүн, тэр дундаа хотынхон мах идэхээсээ айхгүй болохын тулд Засгийн газар гаргасан шийдвэрээ хатуу хяналт дор хэрэгжүүлэх л үлдэв.Тэгж гэмээнэ Эмээлтийн маханд эргэлзэхээ болино. Нөгөө талдаа, Засгийн газрын өчигдрийн шийдвэрүүд алсуураа арваад жил оршсон “Махны мафи”-ийг задлах томоохон алхам болж байгаа юм байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)

скачать dle 12.0