Хүүхдийн зуслан 213-498 мянган төгрөгийн ханштай байна

Хүүхдийн зуслан 213-498 мянган төгрөгийн ханштай байна

Хүүхдийн зуслан 213-498 мянган төгрөгийн ханштай байна

 

Зуны амралт хэдийн хаяанд иржээ. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ч эхлэхэд бэлэн болсон байна. Цар тахлын улмаас хоёр жилийн турш зусланд яваагүй хүүхдүүдийн хувьд зуны улирлын хамгийн том төлөвлөгөөнүүдийнх нь нэг зусланд амрах гэж  хэлж болно. Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын орчимд байдаг ажээ. Зуслангууд ч хэдийн бүртгэлээ эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.


 

ЗУСЛАНГИЙН I ЭЭЛЖ ИРЭХ САРЫН 03-НААС ЭХЭЛНЭ

 

Зуслангуудын эхний ээлж ирэх сарын 03-наас эхлэх юм. Тиймээс зуслангийн сургагч багш нарыг хэдийн бэлдээд эхэлжээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох сургалтыг энэ сарын 23-наас өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа аж. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/17 тушаалаар Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг батлан мөрдөж эхэлсэн. Мөн 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/150 тушаалаар Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг баталсан байдаг. Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт арга зүйн сургалтыг зохион байгуулсан гэсэн үг.

Сургалтад зуслангийн захирал, бүлгийн удирдагч, багш, тогооч, эмч нарын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож байгаа юм. Зөвхөн энэхүү сургалт ч биш холбогдох яамны албан хаагчид зуслангуудаар явж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт таван зуслангийн үйл ажиллаатай танилцжээ. Зуслангуудын засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж, цаг алдсан, дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ гэх мэт асуудлууд үүссэн тул тэдгээрийн гарц шийдлийн талаар ярилцсан байна. Гэсэн ч зуслангууд амрагчдаа авахад хэдийн бэлдэж, бүртгэлээ ч эхлүүлсэн аж.

 

ЗУСЛАНД АМРААГҮЙ ХОЁР ЖИЛ БОЛСОН ТУЛ ДОГДОЛЖ БАЙНА ГЭВ

 

Сурагчдын хувьд хичээл амрахтай зэрэгцэн зусланд явдаг. Тэгвэл хоёр жил хорионд байсан сурагчид зуслангийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ямар сэтгэгдэлтэй байгааг сонирхсон юм.

Улсын тэргүүний 48-р сургуулийн сурагч Г.Батзаяа “Энэ жил Найрамдал зусланд амарна. Жил бүр явдаг байсан ч халдвар гарч, гэрийн хорионд орсноос болж амарч чадаагүй. Болж өгвөл хүүхэд насан дээрээ жил бүр хүүхдийн зусланд амрахыг хүсдэг. Хоёр жил зусланд амраагүй болохоор догдолж байна” гэлээ.

Харин 31-р сургуулийн сурагч н.Билгүүн “Хүүхэд бүр зусланд ядаж нэг удаа явж үзээсэй гэж хүсдэг. Олон хүүхэд дунд их гоё байдаг юм. Олон найзтай болж, гоё дурсамжууд бүтээдэг. Энэ жил өөр зусланд явах бодолтой байгаа. Өмнө нь Найрамдал зусланд амарч байсан. Одоогоор хаана амрахаа шийдээгүй” гэсэн юм. Харин тус сургуулийн сурагч н.Мөнхтулга “Билгүүн бид хоёр зусланд хамт явна. Одоогоор шийдээгүй ч найзуудаараа зусланд амрах их сонирхолтой. Зуслангийн үйл ажиллагаанууд эхэлсэн болохоор аав ээждээ хэлсэн. Энэ жил зусланд явуулна гэсэн” хэмээн өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

НАЙРАМДАЛ ЗУСЛАН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ

 

2021-2022 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд хуваариа гаргаж эхэллээ. Олон улсын Найрамдал зуслан хамгийн олон хүүхэд амраадаг. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 03-наас амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэлээ базаагаад байгаа ажээ. Тус зуслан хоногоосоо шалтгаалаад 231-498.5 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Үнэ ханшийг задлан хүргэвэл тус төвийн таван хоногийн амралт 213 мянга, зургаан хоногийн амралт 296.500 болон 316.500 төгрөгийн ханштай байна. Долоо хоногийн амралт нь 318 мянга болон 332 мянга, 10 хоног нь 468.500 болон 498.500 төгрөгийн ханштай байгаа аж.

Галакси хүүхдийн зуслангийн I ээлж ирэх сарын 04-11-ний өдрөөр эхэлж байгаа юм. Бага ангийн сурагчид 280 мянга, дунд болон ахлах ангийн сурагчид 320 мянган төгрөг төлж тус зусланд явах боломжтой ажээ. Харин Хандгайтын аманд байрлах Янзага зуслангийн I ээлж ирэх сарын 06-наас эхлэх юм. Долоо хоногийн төлбөр нь 320-490 мянган төгрөгийн ханштай байна.

Сансар зуслангийн I ээлж ирэх сарын 04-нөөс эхлэх бөгөөд долоо хоногийн төлбөр нь 350 мянган төгрөг юм. Мөрөөдөл зуслан тав хоногийн 250 мянга, долоо хоногийн 350 мянган төгрөгийн ханштай байна. Цагаан нуга зусланд амрахын тулд бага ангийнхан 350 мянга, дунд анги нь 385 мянга, ахлах анги нь 420 мянган төгрөгийн төлбөрийг төлөх аж.

Жавхлант хүүхдийн зуслангийн төлбөр 350 мянган төгрөгийн ханштай байна. Нарлаг зуслангийн I-III ээлж 310 мянга, харин үлдсэн ээлж нь 330 мянган төгрөг бол Цоглог зуслангийн долоо хоногийн 400 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ. Найрамдлын эрдэнэс зуслан буюу ГОК-ийн зуслан долоо хоногийн 294 мянган төгрөгийн ханштай байна.Мөн энэ оны байдлаар Хөвсгөл аймагт Найрамдал-2, Дорноговь аймаг хүүхдийн зуслан барих ажлыг эхлүүлснээс Дорноговь аймаг хүүхдийн зусланг ашиглалтад оруулсан ажээ.

 

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ҮНЭ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 25-38 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

 

Зуслангийн хоногийн ханшийг 2019 онтой харьцуулахад дунджаар 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. 2019 оны байдлаар хүүхдийн зуслангийн нэг өдрийн тариф 30-35 мянган төгрөгийн ханштай байсан юм. Тэгвэл энэ онд нэг өдрийн ханш нь 50-55 мянга болж нэмэгдсэн байна. Харин 2018 онтой харьцуулахад зуслангийн энэ жилийн нэг өдрийн ханш 25-38 мянган төгрөгөөр өсжээ. 2018 оны байдлаар нэг өдрийн ханш нь 28-30 мянган төгрөгийн төлбөртэй байсан аж.

Зуслангууд хүчин чадлаасаа хамаараад нэг ээлжиндээ 60-300 хүүхэд элсүүлдэг байна. Мөн хүүхдийн зусланд явахад шаардлагатай эрүүл мэндийн хуудсыг явах зуслангаас хамаарч хаана ч өгөх боломжтой ажээ. Тодруулбал, Эх хүүхэд эрүүл мэндийн төв эсвэл харьяа дүүргийн эмнэлэгтээ өгөх юм байна. Зарим хүүхдийн зуслан дүүргийн эмнэлгээс авсан эрүүл мэндийн хуудсыг тооцохгүй тул хүүхдээ явуулах зуслангийн захиргаанаас дэлгэрэнгүй мэдээллийг сайтар лавлах хэрэгтэй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0