Америкийн сургуульд гарсан халдлагын улмаас 19 сурагч амиа алджээ

Америкийн сургуульд гарсан халдлагын улмаас 19 сурагч амиа алджээ

Америкийн сургуульд гарсан халдлагын улмаас 19 сурагч амиа алджээ

 

АНУ-ын Техас мужийн баруун урд хэсэгт орших Увалде хотын Робб  бага сургууль руу мягмар гарагт буутай этгээд халдсанаас хоёр том хүн, 19 сурагч амиа алджээ. Энэ нь Америкийн түүхэн дэх сургуульд гарсан буудлагын улмаас хамгийн олон хүн амиа алдсан хэргүүдийн нэгт тооцогдож байна. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн агаад амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо одоогоор тодорхой бус байна. 

Үүнээс өмнө Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд 2012 онд гарсан халдлагын улмаас 26 хүн амиа алдсаны 20 нь хүүхэд байсан нь одоогоорх хамгийн олон хүн амиа алдсан сургуулийн орчны гэмт хэрэгт тооцогдож байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Техас мужийн бага сургуульд олныг хамарсан халдлага болсонд их цочирдож, маш их гашуудаж байна. Хохирогчдын ихэнх нь хүүхэд байгаа нь зүрх шимшрүүллээ” гэж ярьжээ.

 

Амиа алдсан хоёр хүний нэг нь багш байсан гэж ар гэрийнхэн нь мэдээлжээ. Энэ талаар иргэн Мартинез Делгадо “Хүмүүсийн амийг буудаж хөнөөх явдал үргэлжилж байгаад үнэхээр их бухимдалтай байна. Амиа алдсан сурагчдад ямар ч буруу байхгүй. Буу, зэвсгийг хүссэн үедээ хэрэглэхэд хялбар байлгамааргүй байна. Энэ бол 20 хүрэхгүй мянган хүн амтай миний төрөлх хот. Энд хайртай хүнээ буудуулж алдана гэж хэзээ ч төсөөлж байсангүй” гэв.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Олныг хамарсан буудлага дэлхийн бусад оронд яагаад маш ховор тохиолддог юм бэ. Америкчууд ийм төрлийн гэмт хэргийг яагаад өөгшүүлээд, тоохгүй амьдраад байгаа юм бэ” гэв. Сүүлийн таван жилийн хугацаанд Техаст ийм төрлийн гэмт хэрэг олон гарчээ.

Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр 18 настай хүү эхлээд эмээгээ буудаж, дараа нь сургууль руу нэвтэрчээ. Тэрбээр сургууль руу зэвсэгтэйгээр халдан хүмүүсийн амийг хохироосныхоо дараа цагдаагийнхны гарт амиа алдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

скачать dle 12.0