ЖДҮ-д хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана
Сэтгүүлчид МАН-ын хэвлэлийн хурлыг бойкотлов. Намын Бага хуралдаа сэтгүүлчдийг оруулсангүй гэж. Аль ч намын хурал тавилттайгаас бусад тохиолдолд нээлттэй болдоггүй. Иймд хурал хаалттай болсонд бус, талцсан бүлэглэлийн зөвхөн нэг талд хэт ашигтай мэдээллийг хаалттай хурлаас нээлттэй тараасанд сэтгүүлчид дургүйцсэн хэрэг.
Миний мэдэхээр сэтгүүлчдийн ийм бойкот анх 2007 онд болсон юм. Арван сая төгрөгөөс эхэлсэн “УИХ-ын гишүүний тойргийн мөнгө” нэртэй улс төрийн авлига тэр жил 250 сая төгрөгт хүрэв. Бидний хэдэн сэтгүүлч эсэргүүцлээ. Яаж эсэргүүцэх санаагаа сонин /Үндэсний шуудан/-ыхоо ерөнхий эрхлэгч Б.Ганболдод хэлэв. Эрхлэгч “Манайх ганцаараа хүчгүйднэ, чи Балтай яриадах, холбоогоороо хийе” гэв. Бал гэж “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж агсан, холбоо гэдэг нь “Өдөр тутмын сонины холбоо” л доо. Халгаж, хулгасаар ярьтал Бал эрхлэгч шууд дэмжсэнээр өдөр тутмын бүх сонин “Гишүүдийн тойрогт хуваарилсан 250 сая төгрөгийн улс төрийн авлигыг эсэргүүцэж байна. Өдөр тутмын сонины холбоо” гэснээс өөр үг, өгүүлбэргүйгээр нэг өдрийн хоёрдугаар нүүрээ цагаанаар гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Бид тойргийн мөнгийг зогсоож чадаагүй ч, улстөрчдийг цочроож чадсан. Энэ акцын дараа Сангийн яамныхны л ажил нэмэгдсэн дээ. Төсөвт “Тойргийн мөнгө” гэж тавьдаг байсныг дараа жилээс нэршлийг нь өөрчилж, “Хөрөнгө оруулалт” нэрээр задалж төсвийн энд тэнд нуух болсон юм. Ингэж нуусан, УИХ-ын гишүүдээ авлигадсан Засгийн газрын авлигын хэмжээ 2009 онд бүр нэг тэрбум төгрөг болсон. Тэр үед бичиж байсан “Хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана” нийтлэлийнхээ гарчгийг дахин тавилаа. Өнөөдрийн улс төрийн үйл явдал агуулгаараа холбогдож байгаа учраас…
Шууд хэлье. ЖДҮ-чин гишүүдийг бүрэн эрхтэй нь үлдээсэн УИХ-ын тогтоолд хориг тавь, Ерөнхийлөгч өө. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын мууг үзэх гэсэн хэрэг биш ээ. УИХ-ын гишүүн хулгай хийж болдог, хулгайлснаа УИХ-ын гишүүний бүрэн эрх дор нууж болдог өнөөдрийн бодит жишээг цаашид жишиг болгохгүй таслан зогсоох нь төрийн тэргүүн-Таны үүрэг.
Хэрвээ үе үеийн Ерөнхийлөгч нар анх 10 саяас эхэлж байхад нь л хоригоор зогсоосон бол гишүүдийн тойргийн мөнгө өдгөө хэдэн тэрбумд хүрэхгүй, хэн ч олж харахааргүй өндөр нууцлалд орохгүй л байлаа. 2019 оны төсвөөс гэхэд тойргийн мөнгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хайгаад олоогүй гэдэг. Түүн шиг, ЖДҮ-чдийг эхлэл дээр нь, бэлэн баримт дээр нь л зогсоохгүй бол цаашдаа УИХ-ын гишүүд улсын төсвөөс хулгайлдаг, УИХ-ын гишүүний дархан эрх дор нуугддаг, хулгайч-гишүүдээ УИХ нь хамгаалан авч үлддэг буруу жишиг тогтоно. Нэгэнт буруу жишиг тогтвол өнөөдөр 950 саяын ханштай ЖДҮ-гийн хулгай 2020, 2024 оны УИХ-д ес, арван тэрбум төгрөгт хүрэхгүй гэх баталгаагүй. Хориг тавьж ард түмний мандатаар хулгай хийж болохгүйг, УИХ-ын гишүүний саналын эрхийг худалдаж болдоггүйг гишүүдэд мэдрүүлэх нь Ерөнхийлөгчийн үүрэг болж үлдлээ.
Барьцуулж, хооронд нь яс хаяж байгаа юм биш шүү. Хэрвээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс тохой илүү сайн байя гэвэл илүү шударга ажиллаж, олон нийтийг илүү сайн сонсох хэрэгтэй. Ц.Элбэгдоржийн алдаа оноог энд шүүхгүй. Харин тэрээр өөрийг нь Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшүүлсэн АН-ын олонхи бүхий УИХ-ын 2014 онд хаалттай горимоор баталсан Өршөөлийн хуульд хориг тавьж, авлигын өршөөлийг зогсоож байсныг сануулъя. Энэ нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ард түмнээ сонссон, нийгмээ мэдэрсэн л хэрэг. Тухайн үед АТГ-ын дарга “Бүтэн жилийн ажил нурлаа, манай байцаагчдын шалгаж байсан 200 гаруй хэрэг өршөөлд хамрагдлаа” гэж мэдэгдэж байв.
Монголын улстөрчид яаж харагдах бол гэж хамгийн их асуудаг, яаж харагдахдаа хамгийн их санаа тавьдаг. Тэр байтугай, юу бүтээснийг бус, хэнийг шагнавал гоё харагдах вэ гэдэгт илүү анхаардаг. Одоо талцан тэмцэж буй УИХ-ын гишүүд ч зорилгодоо бус, яаж харагдахдаа илүү санаа тавьж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ өнцгөөс нь харвал ЖДҮ-чдэд хориг тавьбал гарцаагүй гоё харагдана, Ерөнхийлөгч өө. Нийгэм дэмжинэ. Хориг тавьбал ЖДҮ-чдийн асуудал дээр таны рейтинг улсын ерөнхий прокурор А.Энх-Амгалангийнхтай зэрэгцэнэ. Маргаангүй.
“Шударга ёс УИХ-ын энэ танхимаас эхлэх ёстой юм, та бүхэн шударга байгаач” гэсэн ерөнхий прокурор А.Энх-Амгалангийн үг өнөөдөр Алтай таван богдоос Соёлз уул, Монгол шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл хаяа тэлэн үргэлжлэх монгол нутаг даяар итгэл болж олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна. УИХ-ын чуулганы танхимд 80 дугаар микрофоноос зөвхөн хууль ярих ерөнхий прокурорт харин төр, төрийхний дэмжлэг даанч алга. Одоо шударга ёсыг улстөрчдөөс нэхсэн ерөнхий прокуророо дэмжиж тэмцэх үү, шударга ёсыг булшилсан УИХ-тайгаа хамт явах уу гэдэг нь Ерөнхийлөгч таны хориг тавих эсэхээс шалтгаалах боллоо.
Саяхны үйл явдал учир Румыны ерөнхий прокурор Лаура Ковеши-ийг бид сайн мэднэ. Дэлхийд “Авлигачдын ангууч” хэмээн алдаршсан Лаура Ковеши ерөнхий прокурор байх зургаан жилийн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр 5100 хүний хэргийг эцэслэн шийдүүлж, 700 орчим сая евротой тэнцэх хохирлыг улсдаа төлүүлжээ. Тэдгээрийн дунд гурван сайд, зургаан сенат, хот, дүүргийн 47 захирагч, 16 шүүгч, төрийн өмчит компанийн 21 захирал зэрэг төрийн өндөр албаныхан багтаж, гэм буруугаа хүлээжээ. Мөн эрх баригч намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч, экс Ерөнхий сайдын хэргийг илрүүлэн шийдэв. Үүнийх нь төлөө Румыны улстөрчид Лаура Ковеши-ийг “Шулам”-аар нэрлэж, парламентаас нь “48 мянган еврогоос доош хохиролтой гэмт хэрэг өдүүлсэн бол хорих ялаар шийтгэхгүй” байх хууль баталжээ. “Шулам”-аа Авлигын эсрэг үндэсний газрын ерөнхий прокуророос чөлөөлөх болов. Гэвч ард түмэн нь эсэргүүцэж орон даяар олон мянгаараа жагсаж, эцэстээ парламент нь дээрх хуулиа цуцалж, Лаура Ковеши-ийг огцруулах шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу огцорсоноор үйл явдал дуусчээ.
Өөр нэгэн түүх. Америкийн хоёр өндрийг мөргөсөн есдүгээр сарын 11-ний үйл явдлаар бидний сайн мэдэх болсон Нью-Йорк хотын захирагч Рудольф Жулиани өмнө нь прокурор байжээ. Засгийн газрын авлига, албан тушаалын гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа, үнэт цаасны луйврыг илчилэн ялласан тухай олон сонирхолтой түүх түүнд байдаг. Тэдгээрээс Монголтойгоо ойртуулбал, манайхны “30 гэр бүл” гэдэг шиг өөрсдийгөө Нью-Йоркийн захирагчид гэж өргөмжилсөн “Five Families” гэх таван гэр бүлийн бүлэглэлийн олон жилийн хууль бус булхай луйврын ноёрхлыг улстөрчид нь биш, прокурор Жулиани илчлэн яллаж мандсан гэдэг. Сүүлд, 2007 онд “Five Families” бүлэглэлээс Жулианигийн амь насыг хороохоор завдаж, 800 мянган ам.доллар амлаж байсныг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байжээ. Прокуророор ажиллах хугацаандаа түүний ялласан 4125 хэргээс 25 нь л шүүхээс буцсан байна. Чухамдаа прокурор байхдаа олж авсан нэр хүндийн ачаар тэр Нью-Йоркийн захирагч болж, Ерөнхийлөгч Рейганы засаг захиргааны үеэс эхлэн долоон жил энэ албаа хашсан. Ноён Жулиани “Аливаа хэргийг системийн эхлэлээс, жижгээс нь буюу үндсээс нь хөөж зогсоох л хамгийн чухал” гэж үздэг байсан нь манай зарим улстөрчдийн чихрийн цаастай зүйрлэсэн ЖДҮ хэмээх “жижиг хэрэг”-ийг шийдэхэд хамгийн сайн зөвлөгөө болох мэт санагдав.
Магадгүй, Лаура Ковеши шиг, Жулиани шиг эерэг түүх эхлүүлэх монгол прокурорын зоригийг УИХ тогтоолоор, төрийн тэргүүн нь эс үйлдлээрээ мохоохгүй гэдэгт олон нийт итгэж хүлээж байна. Гаднаа ард түмний дэмжлэгтэй ч, шийдвэр гаргах төрийн бүтэц дотор ганцаардаж буй ерөнхий прокурорт Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэйг тэд сануулан шударга ёсыг, хуулийн тэгш байдлыг зарчмыг хүлээж байна.
Илүү үг байж магадгүй, эцэст нь дахиад нийгэмд харагдах өнцөг хэлье. Өнөөдөр ЖДҮ дээр ерөнхий прокурорыг дэмжсэн нь гоё, харин түүнтэй ноцолдсон нь муухай л харагдана.
Г.Отгонбаяр