Гадаа жагсаал, дотор ЖДҮ
Бага үдийн хэрд Жанжны талбай орлоо. Талбайн урд хэсэгт зассан асарт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хурган дотортой торгон дээл, үнэгэн лоовуузтай (Л.Болдоос бусад нь) зогсож, жагсагчдын төлөөлөл ээлж дараагаар зассан тайзан дээр гарч үгээ хэлнэ.
Өвгөжөөр эрийн ээлж болоход “Бид монгол хүн байтлаа Монголынхоо газар шороон дээр ясаа тавих эрхгүй боллоо. Энхболд зайл” хэмээн хоолойгоо цахиртуулан орилоход тайз хавийг бүчсэн залуус “ЗАЙЛ” хэмээн “хоор”-оороо түрнэ. Биеэрхүү байрын идэр насны залуус, оюутан сурагчид бололтой охид хөвгүүд энэ цуглааны гол төв бололтой. Хашгирах дуунаар цочин эргэж харахад яг ард зогссон 20-иод насны охин санаа зовсон байртай инээвхийлэв.
Хүмүүсийн шахалдаан, хашгирах дуунаас зугтан жаахан зайдуу гарвал энд тэнд хэсэг бүлгээрээ тойрч зогссон айвуу тайвуу яриа өрнүүлэх олны дунд орж явчив. Нэг дороос ирсэн улс бололтой хэсэг хэсгээрээ бөөгнөрч, эсвэл саяхан уулзсан ах дүүс, найз нөхөд адил инээд алдаж, дотночлон ярилцах тэдний завсарт гар утсаа байнга оролдон ямар нэг юм бичиж, эсвэл жагсаалын зураг даран, селфи хийх ажилтай “албаны” бололтой хүмүүс олон. Бодвол жагсаалын байдлын талаар цааш нь мэдээлж, эсвэл цахим орчинд мэдээлэл тавих үүрэгэй бололтой.
Эндээс дахиад жаахан захалбал тэтгэврийн насны гэхээр хөгшчүүл нэг, хоёроороо, нэлээд хэдээрээ бөөгнөрч зогсоод цагийн байдлыг ярилцана. Тайзны өмнө зогсоод уухай өргөж байсан бядархаг залуучуудыг бодвол царай гундуу, сэтгэл түгшсэн, эсвэл урам хугарсан байдал царайнаас нь илт. Тэрнээс цааш хэд алхвал ганц нэгээрээ байдлыг сонжин тойрч алхсан бас нэг өөр “тип”-ийн жагсагчидтай тааралдана. Жанжны хөшөөний урд чулуун арслан дээр “ДОРНОД” гэсэн том анонсын өмнө хүмүүс пиг чигжиж зогсоод зургаа татуулж байна. Орон нутгаас ирсэн жагсагчдын нэг хэсэг бололтой. Хажууханд нь манай “Босоо хөх”-чүүд, “Нэхүүл”-ийхэн болон ижил зорилготой өөр олон хөдөлгөөнүүдийн түг хиур намирч байна.
Энэ олон дунд царай, төрхийг таних нэг ч хүн байхгүйн дээр ганцаараа очсон би гэдэг хүн бишүүрхэх маягтай жаал зогсоод жагсагчдыг орхихоор талбай тойруулан тавьсан төмөр хашааг зүглэлээ. Цагдаагийнхан талбайн баруун, зүйн тулд тус бүр хоёр гарц гаргаад, нэгээр нь оруулж, нөгөөгөөр нь гаргаж байв. Хашаа налан ганцаар зогсох эрээс юу хийж байгааг нь сонирхвол “Сүхбаатар дүүргээс жагсаалд ирсэн” гэнэ.
-Намын гишүүн үү?
-Үгүй ээ.
-Тэгээд яагад ирсэн юм?
-Ганц ч болов тоо нэмэрлэе гээд. Улс орон хэцүү байна шүү дээ.
-Ганцаараа ирсэн юм уу?
-Ганцаараа.
-Жагсаал ямар болж байна?
-200-300 гэр барина гээд байхаар нь өлсгөлөнд оролцож магадгүй гээд глизм тавиулаад ирсэн гэр ч алга. Гэхдээ өнөөдөр цаг агаар сайхан, дулаахан болохоор өмнөхөө бодвол хүмүүс харин олон иржээ.
-Өмнөх жагсаал дээр ирсэн юм уу?
-Ирсээн. Тэр өдөр хүйтэн байсан болохоор хүн цөөхөн байсан. 1500-аад л хүн ирсэн байх. Өнөөдөр бараг 3000-аад хүн цугласан байх шүү. Одоо харин хүмүүс яваад цөөрөөд байна.
-Жагсаал 30 цаг үргэлжлээд дараа нь суулт болно гэсэн үү?
-Яаж энэ хүйтэнд 30 цаг гадаа зогсох вэ дээ. Ядаж гэр мэрээ ч бариагүй юм байна. Гэхдээ орой болтол байна аа. Өнөөдөр сайхан дулаахан байна...
Ингэсгээд бидний яриа дуусч би замаа хөөлөө.
Цагийн дараа Төрийн ордонд мөнөөх тавтай дахин таарав. Хурган дотортой үйтэнхуар дээл, үнэгэн лоовуузтай нөхөд (Л.Болдоос бусад нь) УИХ-ын даргын өрөөнөөс дөнгөж гарч ирээд мэдээлэл хийв. Л.Болд гишүүн ”Талбай дээр бид 50-60 мянгуулаа байна. УИХ-ын дарга та нарын шаардлагад хариу өгнө гэхээр нь хүрээд ирсэн чинь 30 хуудас хийсэн ажлын тайлан шидэж биднийг доромжиллоо. Өнөөдрийг хүртэл бид тайван замаар тэмцэж ирсэн. Одооноос хяналтаа алдлаа. УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөн өгтөл тэмцэх болно. Тэмцлийн хамгийн хатуу ширүүн хэлбэрийг сонгоно. Хэрвээ үүний улмаас ямар нэг үймээн самуун, эмх замбараагүй байдал гаргвал бид хариуцахгүй. М.Энхболд дарга хариуцна шүү”
Ингээд 3000 хүний жагсаал маань 60 мянган хүнийх болж суга өслөө. Ядаж Сүхбаатарын талбайнхаа багтаамжийг бодож яримаар юм даа. Манай рок попынхон “Сүхбаатарын талбайд наадмын шоу хийхэд хамгийн ихдээ 10000 хүн л багтдаг юм” гэсэн. Ерээд оны ардчилсан хувьсгалын үед төв талбай, талбайн хажуу талын замыг бүхэлд нь хаагаад Ялалтын талбай хүртэл жагсахад 20 мянган хүн багтаж байсан юм гэнэ лээ. Зар тэр ч яах вэ.
Энэ үед төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байв. ҮАБЗ-өөс чиглэл өгсний дагуу УИХ-ын дөрвөн гишүүний асуудлыг өдөртөө багтааж шийдэхээр болсон гэнэ. Прокуророос тавьсан 48 цагийн хугацаа нь мөн өдөр дуусах ёстой байв. Хоёр цаг гаруй хуралдсаны эцэст УИХ-ын гишүүд “Ерөөсөө энэ хүмүүс чинь хэрэг хийгээгүй юм байна шүү дээ. Зээл л авсан юм байна” гэсээн гарч ирэв. УЕП зүгээр л улс төржүүлж, эсвэл гадаа болж байгаа жагсаал цуглаанд нөлөөлөх гэж зориуд энэ асуудлыг оруулж ирсэн бололтой юм.
Б.Батзориг сайд бүлгийнхээ хурал дээр “Ж.Мөнхбатаа чи ч гэсэн над дээр энэ зээлийг дэмжээд өгөөч гээд орж ирж байсан шүү. Зээлийн шаардлага хангахгүй болохоор нь би өгөөгүй. Харин ч би шаардлага хангасан, барьцаа хөрөнгөтэй, баталгаатай компаниудад өгсөн. Хэрвээ чамд зээл өгсөн бол өнөөдөр яах байсан бэ?” хэмээн ам асуужээ. Нэг ёсондоо манай гишүүд мөнгөтэй учраас ЖДҮ-ийн зээлд хамрагдсан юм байна. Мөнгөгүй учраас л иргэд ЖДҮ-ийн зээл авч чаддаггүй юм байна шүү дээ. Хохь чинь ээ л гэж байна.
Өнгөрсөн шөнө хуралдсан ТББ-ны хуралдаан дээр Ж.Мөнхбат бас нэг баримт ярьсан. Архангай аймгаас ЖДҮХС-д 45 хүн 850 сая төгрөгийн төсөл өгсөн. Нэг хүний 20 сая төгрөг. Нэг нь ч зээл авч чадаагүй. Нэгийнх нь зээлийг шийдээд өгөөч ээ гэсэн чинь сайд “Барьцаа хөрөнгө байхгүй” гээд шийдээгүй...
Ийм л юм ярилаа, өчигдөр УИХ-ын гишүүд. Яван явсаар Б.Батзориг сайд маань угаасаа эргэн төлөгддөггүй байсан зээлийг эргэн төлөлтэй болгож, их хурлын гишүүдэд эзэн түшүүлсэн “гавъяатай” нэгэн болж таарав.
Б.Сэмүүн