Хүнсний барааны үнэ тогтвортой байна
Нийслэлийн статистикийн газраа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулгыг /2022.03.18/ гаргав.
Махны дундаж үнэ:
Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12310 төгрөг, үхрийн ястай мах 13847 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 696 (4.8%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 37 (0.2%) төгрөгөөр тус тус буурлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.
Харин хонины ястай махны үнэ 360 (2.8%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 584 (4.4%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9300 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ:
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1450-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 970-1200 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1400 төгрөгийн үнэтэй байв. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1400-1600 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1400 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.4 хувиар буурч 3031 төгрөгөөр, монгол байцай 1.2 хувиар өсөж 2703 төгрөгөөр, монгол хүрэн манжин 2.7 хувиар буурч 3652 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар