Экспортын хоёр дахь гарц буюу Хангийн “хаалга”

Экспортын хоёр дахь гарц буюу Хангийн “хаалга”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Төлөвлөж, чиглэл болгосноор энэ 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй төмөр замын ажил ирэх гуравдугаар сарын 10-нд эхэлнэ. Ингээд долоон сарын дараа, аравдугаар сарын 10 гэхэд ашиглалтад оруулах юм байна. "...Энэ төмөр замыг барьж экспортын хоёр дахь гарцыг нээнэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.
 
Ер нь бол Монгол Улсын экспорт дан ганц Гашуунсухайт-Ганцмод боомтоос л хамаардаг. Үүнийг Ерөнхий сайд 2022 оны шинэ жилийн мэндчилгээндээ хүртэл хэлж байсан юм. Тэрбээр "...Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа” гэсэн.
Харин сая цагаан сараар Хятадад айлчлахдаа тус улсын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, албан ёсоор "Боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” буюу хилийн холболтын талаар хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан. Энэ дагуу дээрх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлж байгаа ажээ.
 
Хамгийн гол нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хоёр дахь гарц буюу нээгдэнэ. Тодруулбал, Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугатын 1722 км урттай  тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугатын 1404 км болгож өөрчилнө. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэх юм байна.
 
"УБТЗ” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь байхаар төлөвлөжээ. Улмаар Зүүнбаян өртөөнд холбох урьдчилсан тооцоог хийсэн байна.
Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх юм. Мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Үүнээс гадна 150 сая тонн орчим батлагдсан нөөцтэй Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх ордуудаас коксжих нүүрсийг жилд 2-4 сая тонныг, 0.3-0.5 сая тонн зэсийн баяжмалыг экспортолно. Мөн БНХАУ-ын Бугат хот руу ОХУ-аас транзитаар тээвэрлэх боломжтой 1-6 сая тонн нефть, нэг сая тонн мод, Ханги боомтоор БНХАУ-д экспортлогдож байгаа 1.5 сая тонн ачаа, "УБТЗ” ХНН-ийн сүлжээгээр дамжин Бугат, Хөх хотын бүс рүү нийлүүлэгдэж байгаа нэг сая орчим тонн ачаа бараа, Бугат-Зүүнбаян чиглэлд тээвэрлэх 1-2 сая тонн барилгын материал, металл хийц, нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүнийг шинээр барих Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Гашуунсухайт-Ганцмодны боомтоос, цаашлаад хилийн цаадах Хятадын Баяннуур аймгаас шууд шалтгаалдаг болчихсон Монголын экспортод "Хангийн хаалга” шинэ гарц болно. Ингэснээр Монголын экспорт дахь "Баяннуурын хаанчлал” дуусна гэсэн үг. Гэхдээ энэ төмөр замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосончлон ирэх гуравдугаар сард эхлээд аравдугаар сарын 10 гэхэд барьж дуусгавал шүү дээ. 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0