АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД ЭХ ОРОНДОО ЭЛЭГГҮЙ, ЭДИЙН ШУНАЛААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС БОЛЖ

АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД ЭХ ОРОНДОО ЭЛЭГГҮЙ, ЭДИЙН ШУНАЛААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС БОЛЖ
“Ардчиллын АЛТАН ХАРААЦАЙНУУД” гэгдсэн залуус маань бүгд л эх орондоо элэггүй, ард түмэндээ ивээлгүй, ЭДИЙН ШУНАЛААР ӨВЧИЛСӨН хүмүүс байжээ …, … Жишээ нь Элбэгдоржийг ард олон таньж мэдээгүй, Элбэгдорж өөрөө ч ард түмнийхээ аж байдлыг таньж ойлгоогүй. Бат-Үүлийн сурлага, сахилгыг үнэлэх аваас “Дунд”-аас доогуур, Элбэгдоржийнх ч мөн ялгаагүй… (эх сурвалж Sonin.mn Судлаач,профессор Д.Чулуунжав) … Ардчиллын ёозгүй хувилбарыг засах, өөрчлөх ХҮЧ байна уу?… Өөрийн гэсэн газар нутагтай, хэл, соёлтой ард түмэн бүр хэн нэгний дарлал, хүчирхийлэл, мөлжлөггүйгээр эрх чөлөөтэй, эрүүл, тайван аж төрөхийг хүсдэг. Төр засгаа өөрсдөө чөлөөтэй сонгон байгуулж, өөрсөддөө үйлчлүүлэхийг хүсдэг.
Энэхүү өнө эртний, бас мөнхийн хүслийг ардчилал биелүүлж өгөх байх гэж найддаг. Тэгээд боломж гармагц л ардчиллын төлөө гэгдэх хөдөлгөөн бүрийг, хүн бүрийг дэмжиж саналаа өгцгөөдөг. Гэвч харамсалтай нь ард түмнүүдийн ихэнх нь хулхи ардчилагчдад хууртаж, бүр хохирч үлддэг байна. Хууртаж цөхөрсөн олон улс орон эргээд хаант засаг, нэг намын ноёрхол, “хүчтэй гар”-ыг сонгон авсан тохиолдол ч олон буй.
Хөгжил, шинэчлэлийг хүсээд ядуурал, дампуурал, цадаж ханахаа үл мэдэх олигархуудын мөлжлөг, дарангуйлалд ороод хэрхэхээ мэдэхээ байсан улс орнууд өнөөдөр ч олон байна. 
Ардчилсан гэгдэх засаглалын хамгийн ёозгүй, онцын хор хөнөөлтэй нэгэн хулхи хувилбар Монгол оронд маань төрж бойжоод Монголын нийгмийг өвчлүүлчихлээ. Энэ янзаараа удвал ард бид Монголоо бүх талаар нь алдах болно. “Барагдсан ч гэсэн бараан хээрийн үлдэгдэл бий” гэгдэхээр байсан уламжлалт нийгмийн үнэт зүйлүүд, монгол хүний үнэт зүйлүүд жилээс жилд л устаж алга болсоор байна. Ингэ ингэсээр эцэсдээ үндэсний эв нэгдэл ч гэсэн олон намын бусармаг үйл ажиллагааны балгаар устаж бид монголчууд “шуудайнд хийсэн эвэр” болж үлдэхнээ.
Ийм аюул хаяанд ирчихээд цус, нулимсанд шүлэнгэтэн сүүтэгнэж байх боллоо…
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх зорилго, түүний хэрэгжилт нь Ази, Европ, Америк, Африкт тун ч олон янзын мөр үлдээжээ. Цус, хүчирхийлэл, ядуурал, дампуурал, иргэний дайн гэх гамшиг төрүүлсэн “Ардчилал” байгаа нь түүхэн баримт билээ.
Зөв зүйтэй зорилго тавиад ард олон нэгдэж тэмцсэн, дэмжсэн байтал яагаад муу үр дагавар, хөнөөлт үр дагавар гардаг билээ. Энэний учир, шалтгаан жишээ нь Монголд маань юу байв аа? Энэ асуултын хариултыг бид Монголын нийгмийг бүрэн эрхтэйгээр удирдаж ирсэн улстөрийн намуудаас, тэдгээрийн удирдах бүлэглэлүүдээс шаардан авах ёстой. Ийм байдалд хөтлөн хүргэсний хариуцлагыг мөн тэдэнтэй тооцох учиртай.
Жирийн иргэд бид нэхэл хатуутай байж, буруутныг яллаж, удтал үл мартагдахуйц сургамж, сануулгыг үлдээх ёстой. Монголын төрд шуналын микробууд шургалаад үе улиран үлдэж, үржиж олшрох боломжийг дахин давтан олгож болохгүй. Энэ үзэгдлийг эгнэгт таслан зогсоож, нэгмөсөн хаах, хориглох ёстой. Энэ зорилгоор мөнхүү гамшигт үзэгдлийн үүсэх шалтгаан, нөхцөл, хөнөөлт үр дагавар, илрэн гарах хэлбэр, арга механизмыг илчлэн тайлбарлаж, олон түмэнд ойлгуулж, урьдчилан сэргийлж байх үндэсний чадамж, дархлааг буй болгох ёстой.
Манай сэхээтнүүдийн тэргүүний хэсэг, оюунлаг хэсэг, элит хэсэг энэ талын үйл ажиллагааг идэвхтэйгээр оройлон, манлайлан өрнүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Улс эх орон, угсаа гарвалиа хүндэлдэг, хайрладаг эх оронч хүмүүс энэ хэрэгт өргөнөөр оролцох ёстой. Энэ бол шударга иргэн нэгбүрийн журамт үүрэг мөн юм. Монгол улс, монгол хүмүүс, монголын нийгэм хуурамч, хулхи улстөрчдөд зохих ял, зэмлэлийг заавал оногдуулж, биечлэн эдлүүлэх ёстой. Ардчилсан нийгэмд хэн ч болов “гавъяатан аваас шагнагдах, гайтан аваас яллагдах” учиртай. Эх орон, нийгэм маань ядуурах, хоцрогдох, дампуурах аваас бидний л хүү, охид, ач, зээ нар өвчин, өлсгөлөнд нэрвэгдэж зарц, боолын хувь заяаг эдлэх болно…
Гажуудалд гүнзгий автсан хулхи, хуурамч ардчиллыг үзэн ядах болсон ард иргэд итгэл алдарч гутарснаасаа болоод ганц хүний, эсвээс цөөнхийн харгис дарангуйлагч дэглэмийг хүсэмжлэхэд хүрдэг. Иймэрхүү байдлаар эзэн гүрний болон ноёрхогч, мөлжигч анги, бүлгийн засаглал дахин сэргэсэн тохиолдол ч мөн цөөнгүй.
Ардчиллын нэр хүндийг унагааж, авлига, луйварт идэгдэж, хүн амын 60-70 хувийг ядууруулж, төр засгийн эрхийг хууль бус аргаар авч, ард түмний өмч – баялгийг заль, мэхээр цөөн гэр бүлд өгч шударга ёсыг зөрчсөөр ирсэн улстөрийн намуудыг тарааж удирдах бүлэглэлийг эрүүгийн хариуцлагад татах нь Ардчиллыг аврах цорын ганц зам болчихсон улс орон, нийгэм өнөөдөр мөн цөөнгүй байна.
Ардчиллын төлөө босож тэмцсэн олон түмний хөдөлгөөний ачаар улс орны төрийн дээд эрх мэдэлд хүрэх бололцоотой болсон хоёр намын удирдах бүлэглэл нь “зөв сэтгэл, шаардлагатай мэдлэг” үгүй хүмүүсээс бүрэлдэх болсон нь Монголын эмгэнэл юм.
Одоо эргээд харахад 1991 оноос хойших 28 жилийн дотор МАХН, МАН (монголын ардчилсан нам)-аас улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, цагдаагийн газрын дарга байгсдаас 90 гаруй хувь нь хэрэг дээрээ “Ардчиллын далд дайсан, Ардчиллыг булшлагчид” байжээ. Тэд зөвхөн л их шуналдаа автцагааж, том хулгай, луйварт далдуур оролцоцгоож, баяжиж хөрөнгөжихийг л хичээцгээжээ. Одоо тэдний ил, далд, нуусан, нөөсөн хөрөнгийг олж тоолох аваас бүгд л тэрбумтан болцгоожээ.
Зөвхөн бэлэн мөнгөний хадгаламж нь (Монголын банкуудад байгаа) гэхэд л нэг тэрбумаас илүү хөрөнгөтэй хүмүүс олон байна. Гэрт нь байгаа үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, газар, үйлдвэрүүд, эзэмшдэг хувьцаа, мал, офшор бүс дэх долларын тоог хамтатган нэмэх аваас өнгөрсөн 28 жилийн дотор тэдний хулгайлсан, луйвардсан, авлигад авсан мөнгөний дүн гарах болно. Өнгөрсөн 28 жилд мөнхүү хоёр намын удирдах бүлэглэл бараг 100 хувь шахам хулгайч, луйварчдаас бүрэлдэж байсны гайгаар монголчууд бид өнөөдөр өрөнд баригдаж гүйцээд байна.
Өнгөрсөн 28 жилийн туршид дурдсан хоёр намаас хийж байсан “улстөрийн томилгоо” гээчид нь бүгд цаанаа авлига, наймаа байсан бололтой. Тэр нь яван газар авч, бүр цагаандаа гараад эцэс сүүлдээ төрийн бүх албыг далд дуудлага худалдаа болгожээ. Ийм хэмжээнд хүргэж төгөлдөржүүлэхийг сэдэж, төлөвлөсөн нууц төлөвлөгөөнүүд ч гарч иржээ. Энэ бол Монгол оронд Ардчилал мөхөхийн, том хулгай луйвар цаашид төрөөс албан бусаар дэмжигдэхийн илрэл, дохио юм. Энэ бол Ардчилал бүрэн дампууралд орох нэгэн шулуун зам мөн болно.
Монгол улсаа, эх орноо, үндэс угсаагаа, ард иргэдээ гэх сэтгэл, ивээлгүй, дээр нь улс орноо өөд нь татах ухаан, боловсролгүй хүмүүс ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд, Нийслэлийн захирагч, аймгийн даргын тушаалд улстөрийн томилгоо гэх нэрээр, цаагуураа бол уг албан тушаалыг намдаа өргөх хандив нэрээр худалдан авч байгаа нь Монголыг бүхэлд нь, хот ба хөдөөг цугт нь 28 жил бүх талаар самарч, бүх талаар сульдуулж, бүр тахир дутуу (хөгжлийн бэрхшээлтэй) болгожээ.
Нийгмийн амьдрал, аж ахуйн салбаруудын талаар зохих түвшний мэдлэг, боловсролгүй, доороос энгийнээс эхэлж таньж эзэмшсэн практик, туршлагагүй, хал үзэж хашир суусан, нас дагаж хуримтлагдсан хэрсүү ухаангүй, хийрхүү, сувдаг, хэр чадлаа үл мэдэх залууст улс орон, ард түмний хувь заяатай шууд холбоотой том том албан тушаал, эрх мэдэл өгөх нь юунд хүргэдгийн сонгодог жишээг өнөөдрийн Монголоос дэлхий нийт харж, харамсаж байна. Тийм залуусын зарим нь бүр бүтэн 28 жилийн туршид төрийн дээд, төв байгууллагад ажиллаад ч ард иргэдээ хайрлах сэтгэлтэй болж чадсангүй, ухаажиж хэрсүүжиж жинхэнэ удирдах ажилтан болж төлөвшсөнгүй. Энэ бол гайхшрал төрүүлэхүйц баримт юм…
Улсын Их Хурлын сонгуулиар олонхи болсон намын удирдах бүлэг (хотын болон аймгуудын) бүхлээрээ, дээр нь бас ах дүү, төрөл садан нь нэмэгдээд татвар төлөгчдийн мөнгө болох улсын төсвийг хувааж идэхээр хачиг болон наалдаад дөрвөн жилийн дотор хувалз болж хувирсаар байв. Тэдний томчуулд нь “төрөөс төрсөн тэрбумтан” гэх нэр цол олгож овсгоо самбааг нь нам дотроо магтаж, туршлагаас нь суралцдаг болсон юм. Ийм арга, замаар хоёр намын боловсон хүчин лобби, тендер, албан тушаалын наймаа, рекет, шантааж, авлига мэтийн бусармаг бүхэнд гаршиж бүр “хоцрогдсон” дарга нартаа эргэж багшлах болжээ. Намуудын амьдрал залуу луйварчдын эрээ цээргүй үйл ажиллагаагаар “цэцэглэж”, түүх нь гэмт хэргийн хавтас болон зузаарсаар байна.
“Ардчиллын алтан хараацайнууд” гэгдсэн залуус маань бүгд л эх орондоо элэггүй, ард түмэндээ ивээлгүй, эдийн шуналаар өвчилсөн хүмүүс байжээ. Тэд ийм хүмүүс болохыг жирийн иргэд, сонгогчид ер мэдээгүй билээ. Учир нь тэд бүгдээрээ л анхандаа хэн ч биш байв. Нас нь хүүхдээрээ, туршлага ба бүтээлгүй, аль нэг салбарын нарийн мэргэжилтэн ч биш, тэргүүний ажилтан ч биш, ядаж “Онц сурлагатангууд, улаан дипломтонгууд” ч биш…
Жишээ нь Элбэгдоржийг ард олон таньж мэдээгүй, Элбэгдорж өөрөө ч ард түмнийхээ аж байдлыг таньж ойлгоогүй. Бат-Үүлийн сурлага, сахилгыг үнэлэх аваас “Дунд”-аас доогуур, Элбэгдоржийнх ч мөн ялгаагүй.
Аль аль нь л Монголын нийгмийг, Улс ардын аж ахуйг бүхлээр нь битгий хэл зөвхөн аль нэгэн ганц салбарыг л өөд нь татчих мэдлэг, туршлага, нас дагаж ирдэг хэрсүү ухаан үгүй. Гэтэл сонгогч олон иймэрдүү хүмүүст итгэл өгч, найдаж, хоосон горьдлого өвөртөлсөөр, үл биелэх хүсэл, эрмэлзэлд хөтлөгдсөөр 28 жил болчихлоо. Энэ хугацаанд тэд УИХ-ын гишүүн, сайд, ерөнхий сайд, Нийслэл хотын захирагч, бүр ерөнхийлөгч, ерөнхий сайдын эрхийг эдэлснийг яана аа! Харамсмаар, эмгэнэмээр, сонгогчид, олон түмэн өөрсдийгөө ч үзэн ядмаар!… “Ямар ард түмэн байна, яг тиймэрдүү л төр байдаг”, “ардчилсан засаглалыг зөв явуулах нь ард түмний боловсрол, соёл, ухамсраас шалтгаалдаг” гэцгээдэг дээ! “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа” гэдэг мөн ч үнэн, мөн ч үнэтэй үг юм даа!…
Шинэ, залуу боловсон хүчнийг сургаад, хүмүүжүүлээд, хөдөлмөр-үйлдвэрлэлийн талбар дээр 10-аас олон жил ажиллуулж “хал үзүүлж, хашир суулгаад”, ингэх явцдаа эх түүхийн мэдлэг, үндэсний үзлээр оюун бодлыг нь ирлэж, ишлэж өгөөд, ганцхүү ингэсний сүүлээр л төр засгийн том албанд дэвшүүлэн ажиллуулдаг сайхан, зөв уламжлалтай улс орнууд бас байна аа! Монголчууд бид тэднээс суралцах ёстой.
Үндэсний эв нэгдэл, үндэсний зорилго, тэмүүлэл, үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг манай сэхээтнүүд, тэдний манлайлах хэсэг, хөтлөх хэсэг, нэр хүндтэй хэсэг, хийсэн юмтай, бүтээлтэй хэсэг цаг ямагт анхаарлынхаа төвд байлгаж, ард олонд сурталчлан таниулж, хамгаалж, улстөрчдөөр сахиулж, мөрдүүлж байх ёстой. Энэ бол тэдний эх оронч үүрэг, журамт үүрэг билээ. Эс ингэх аваас л өнөөдрийнх шиг эмгэнэлт байдал давтагдаж, газар авч, улиран үлдэж, эцэс сүүлдээ Монгол улс, монгол үндэстэн мөхөж, түүхийн тавцангаас арчигдаж, устаж үгүй болох болно.
Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ
скачать dle 12.0