АНУ-ыг зорьсон Латин Америкийн дүрвэгчдийг буцаана
АНУ-ын Техас мужийн Дел Рио хотыг Мексикийн Сьюдад Акуна хоттой холбодог гүүрийн дор 10 мянга гаруй дүрвэгч цугларчээ. Тэд Латин Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж ирсэн хүмүүс юм. Дүрвэгчдийг байрлуулах, хоол хүнсээр хангах хүнд асуудал орон нутгийн эрх баригчдад тулгараад байна. АНУ-ын засаг захиргаа ням гарагаас эхлэн дүрвэгчдийг эх оронд нь буцаах нислэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ дүрвэгчдээ улс орнууд хүлээн авахыг зөвшөөрөх эсэхээс бүх зүйл шалтгаалах юм. АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба өнгөрсөн долоо хоногт 400 орчим ажилтныг Дел Рио хотод нэмж илгээжээ.
35 мянга орчим оршин суугчтай Дел Рио хотын дарга Бруно Лозано дүрвэгчдийн нүүдлийг “Өмнө үзэгдээгүй явдал” гэж нэрлээд хотдоо онц байдал зарласан байна.Дүрвэгчдийн ихэнх нь Хайти улсын иргэд бол үлдсэн нь Куба, Перу, Венесуэль, Никарагуагийн иргэд байна. 2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Хайти улсаас олон хүн Латин Америкийн орнууд руу дүрвэсэн юм. Тэдний зарим нь АНУ-Мексикийн хил дээр ирээд байгаа нь энэ юм. Он гарсаар Мексикээр дамжин ирэх дүрвэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цагаачлалын бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой юм. Зөвхөн долдугаар сард АНУ-Мексикийн хил дээр баривчлагдсан дүрвэгчдийн тоо сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа 200 мянга давсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20 ДАВАА № 184 (6661)