Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий

Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий
Монгол Улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ өвчнийг анагаах зорилготой ХСҮТ маань хуучин шинэ удирдлагын гажиг, газар, тендерийн маргаан, ашиг сонирхлын зөрчлийн хэрүүлээрээ Монголоо шуугиулдаг. Ерөөсөө л ХСҮТ гэж хамаг будлианы “эх орон” боллоо л доо.
 
Хамгийн сүүлд, 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос АТГ-т хандлаа. Тэд ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг шалгуулахаар ханджээ. Ингэхдээ таван үндэслэл дурдсан байна.
 
Нэгдүгээрт, ХСҮТ-ийн ажилтнуудын хоолны газрыг CU түргэн хоолны сүлжээнийхэнд түрээслэсэн. Хэдэн төгрөгөөр, ямар сонгон шалгаруулалтаар түрээслэсэн нь тодорхойгүй. Энэ талаарх мэдээлэл ХСҮТ-ийн шилэн дансанд байдаггүй.
Хоёрдугаарт, ХСҮТ-ийн өмнөх захирал Ж.Чинбүрэнгийн ажилладаг байсан тус төвийн зүүн жигүүрт байрладаг “Люксмед” компанийн охин компани “Медпортал” ХСҮТ-д байр түрээслээд дөрвөн жил болсон. Энэ хугацаанд ХСҮТ-д түрээс, ус, цахилгааны төлбөр огт төлөөгүй. Шилэн дансанд ч тусгагддаггүй.
Гуравдугаарт, ХСҮТ-ийн гадна зогсоолыг 2020 оны нэгдүгээр сараас төлбөртэй болгосон. Гэвч зогсоолын мөнгө гэж ХСҮТ-д ямар ч мөнгө орж ирдэггүй.
Дөрөвдүгээрт, ХСҮТ-ийн өмнөх захирал Ж.Чинбүрэнгийн найз Аюурын Мягмарсүрэнгийн хамаарал бүхий компани тус төвийн бүхий л засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Ж.Чинбүрэнгийн тэрхүү найзын эхнэр Цэсбалжирын Энхсаруул нь өдгөө ХСҮТ-ийн аж ахуй хариуцсан даргаар ажилладаг.
Тавдугаарт, ХСҮТ-ийн хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нь тус төвийн ажилчдын байрны 51-53 тоотууд болон нэгдүгээр давхрын үйлчилгээний зориулалттай байр гээд нийт дөрвөн байрыг албан тушаалаа урвуулан авсан байж болзошгүй. Ийм таван асуудлаар Н.Эрдэнэхүүг шалгуулахаар АТГ-т ханджээ.Мөн өдрөө тус Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон Эрүүд мэндийн сайд С.Энхболдод “...Н.Эрдэнэхүүг шалгуулж, ажлаас нь чөлөөлүүлэх” хүсэлтийг гаргасан байна.
 
Түүндээ “...ХСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, одоогийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг байгууллага удирдах чадамжгүй, мөн тус эмнэлэгт хувийн хэвшлийн байгууллага оруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлж өгнө үү. Мөн санхүүгийн болон удирдлагын ёс зүйн асууддуудыг бүрэн шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.
 
ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон 2021 оны наймдугаар сарын 11-нд ХЭҮК-т гомдол гаргажээ. Үүнээс зургаан сарын өмнө хандаж байсан талаараа тэд уг гомдолдоо дурдсан байна. ХЭҮК-т Н.Эрдэнэхүүгийн ёс зүйн асуудал, ажлын байрны дарамт зэргээр гомдол гаргасан байна.
Тодруулбал, “...ХСҮТ-ийг Менежментийн хувьчлалд оруулж, бие даасан байдалд шилжүүлэхтэй холбогдуулан 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр ТУЗ-ийн гишүүд сонгох үйл ажиллагааг хууль бусаар хийх оролдлого хийсэн учир тус үйл ажиллагааг бүх ажилчид эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын үйл ажиллагааг буруутгаж үг хэлсэн Я.Эрдэнэ-Очир, Б.Болормаа нарын ажлын цаг ашиглалт, алдаа дутагдлыг заавал олох зорилгоор мөшгин мөрдөж, ажилчдыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байхыг шаардах нь хэрээс хэтрээд байна”, “...2021 оны нэгдүгээр сарын 26-наас ажилтан н.Нансалмааг өөрийн удирдлага дор ажиллах үйлчлэгч нарыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээс гарах хүсэлтэд гарын үсэг зуруулахыг шаардаж эхэлсэн” гэх зэрэг олон баримт, үйл явдлыг дурджээ.
 
Өмнө нь бид, ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Болормаа “...Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй. 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир ундрах” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Нийгмийн даатгалын тухайд, яах аргагүй хэрэг гарч, хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд, бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. ...Сая арваннэгдүгээр сард зарим өрөө төлж дууссан юм уу, Н.Эрдэнэхүү захирал “...Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна билээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж, нэмэгдэл, урамшууллыг нь хассан гэж ойлгож байгаа” гэж хэлж байсан талаар мэдээлж байв.

Нэг үгээр хэлбэл, энэ хэл ам сүүлийн 2-3 жилийн турш үргэлжилж байна. “...Олны үг ортой” гэдэг. Бас “...Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” ч гэсэн үг бий. Ямартай ч ХСҮТ дээр асуудал байна. Тэр тусмаа одоогийн болон өмнөх удирдлагуудтай нь холбоотой ёс зүй, санхүү мөнгөний нэлээд асуудал байгаа нь тодорхой байна.
 
Гэхдээ өнөөдрийн байдлыг харвал УИХ-ын гишүүн болоод арилж өгсөн Ж.Чинбүрэнгийн өмнөөс одоо үүрэг гүйцэтгэж буй Н.Эрдэнэхүү “ойчиж” мэдэх юм. Н.Эрдэнэхүүг АТГ-т өгсөн таван шалтгааны маш ноцтой хоёр нь Ж.Чинбүрэнтэй холбоотой байгаа юм. Ер нь бол ХСҮТ хавдрын өвчинтэй тэмцэх үүрэгтэй, харин дарга болсон хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх “ажлын байр” биш юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0