Намрын чуулган: Хувь хүний мэдээлэл, нууцыг хамгаалах хуулийг батална

Намрын чуулган: Хувь хүний мэдээлэл, нууцыг хамгаалах хуулийг батална
 
Өнгөрсөн хаврын чуулганыг хүний эрхийг хамгаалж баталгаажуулсан чуулган болсон хэмээн УИХ-ын дарга тодорхойлсон. Тэгвэл намрын чуулганы хугацаанд ч хувь хүний мэдээлэл, нууцтай холбоотой хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн батална. Тухайлбал, Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна.  Тус хуулийн төслүүдийн онцлох заалтуудыг хүргэе.
 
Хувь хүний нууцын тухай хуулийн хамрах хүрээ хязгаарлагдмал байна 
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулан намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.  Сүүлийн үед  үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор гарын хурууны хээ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон.  Одоо мөрдөгдөж буй хуульд  дээрх асуудлуудыг тусгаагүй.  Хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар заасан.  Тэгэхээр хувь хүний мэдээлэл алхам бүрт алдагдаж байж болох энэ цаг үед дээрх хуулийг батлах нь ус агаар мэт хэрэгтэй байгааг хууль санаачлагчид онцолж буй.
 
Х.Нямбаатар: Царай таних камеруудыг хориглоно 
Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажиллаж байна. 
 
Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд царай таних камерыг хориглож байгаа. Мөн албан байгууллага, дэлгүүр хүний биометрик мэдээллийг замбараагүй цуглуулж байгааг хязгаарлана” гэжээ.  
Хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна уу
 
Агуулга 1. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг улс орны жишигт тулгуурлан тодорхойлжээ.
Агуулга 2.  Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгчээ. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүхийн болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан. Энэхүү заалтыг хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаа талаар мөн мэргэжлийн байгууллагууд саналаа хүргүүлээд байна.
Агуулга 3. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгоно.
Агуулга 4. Дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заажээ.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0