УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Нийслэлчүүд ахуйн хэрэглээнд СААРАЛ УС ашиглах боломж бүрдлээ
Улаанбаатарчууд автомашин угаахдаа, цэцэг ногоо услахдаа, суултуурын усандаа хүртэл ундны цэвэр ус ашиглаж байна. Энэ байдлаар явбал 2030 он гэхэд Нийслэлчүүд ундны усны хомсдолд орох эрсдэл бий гэдгийг судлаачид тооцоолжээ. Иймд ахуйн хэрэглээндээ усыг дахин ашиглах шаардлага үүссэн энэ үед Ус сувгийн удирдах газар, Мянганы сорилтын сан хамтран СААРАЛ усны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. 2018 оноос эхлэн УСУГ, Мянганы сорилтын сангаас судалгааны ажлыг эхлүүлжээ. Тэгвэл судалгааны ажил бүрэн дуусаж өнөөдөр Мянганы сорилтын сан Усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн зураг төслийг Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж хоногт 160.000-170.000 куб.метр усыг цэвэршүүлж байгальд нийлүүлж байгаа.
Харин энэ усыг дахин гүн цэвэршүүлж СААРАЛ ус болгон ахуйн хэрэглээнд ашиглах боломж бүрдэж байна.
Энэ сарын 20-ноос эхлэн Усыг гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж 2024 онд ашиглалтад оруулахаар тооцжээ. Ингэснээр саарал усыг ахуйн хэрэглээнд бүрэн ашиглах боломжтой болох юм. Тухайлбал, өнөөдөр ДЦС-3, ДЦС-4 хөргүүртэй ундны цэвэр ус ашиглаж байна. Тэгвэл дээрх үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжид станцын хөргүүрт саарал ус ашиглах юм. Цаашдаа авто угаалга, хотын ногоон тохижилт, усалгаанд ашиглах аж.
Уг үйлдвэр эхний үед хоногт 30-50 мянган куб.метр ус цэвэршүүлэх бөгөөд цаашид хүчин чадлаа нэмж хоногт 180 мянган куб.метр усыг цэвэршүүлж СААРАЛ ус гаргана гэж УСУГ-ын дарга Ц.Төрхүү онцоллоо.
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Ц.ТӨРХҮҮ: Нийслэлчүүд ахуйн хэрэглээнд СААРАЛ УС ашиглах боломж бүрдлээ