Нийслэлчүүд усны хомсдолд орох аюул ойрхон байна
Нандин бүхнээ зориулахыг хүсдэг бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань усгүй болох эрсдэлтэй нүүр тулах вий гэдгийг бодож үзсэн үү. Статистик мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсын 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ. Энэ нь уул уурхайн олборлолт, хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.
Хэрэв та бид шүдээ угаахдаа 10-20 литр усыг үр ашиггүй урсгаж, хоногт 140-160 литр ус ашигласаар байх юм бол 20-50 жилийн дараа Монголын газар шороо Сахарын цөл шиг болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2015 онд Улаанбаатар хотын усны нөөцийг батлахдаа хоногт 250.000 метр3 ус хэрэглэнэ гэж тогтоожээ. Ус сувгийн удирдах газрын мэдээгээр өнөөдөр улаанбаатарчууд ундны усны нөөцийнхөө 50 орчим хувийг хэрэглээд байна.
Дэлхий даяар цэвэр усны хомсдолд орох хамгийн өндөр магадлалтай 20 орны нэгээр Монгол Улс нэрлэгдэж байна. Нийслэлчүүд 2030 оноос хойш ундны усны хомсдолд орж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж эхэллээ.
Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн ажил, төслийн үйл ажиллагаатай өчигдөр /2018.11.22/ танилцах үеэр үүнийг онцолсон билээ. Гачуурт эх үүсвэрийн усан болсон уг арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт 7.2 га талбайд оршдог Гачуурт эх үүсвэрийн усан сан 2014 онд ашиглалтад оржээ. Одоогоор бүрэн хүчин чадлынхаа 30-40 орчим хувийг ашиглаж хоногт 8000-12000 м3 олборлож байгаа аж. Нийт 16.2 км шугамтай, хоногт дунджаар нийслэлийн ундны усны хэрэглээний 5-8 хувийг түгээдэг гэж тус сангийн ажилтан тайлбарлав. Гачуурт эх үүсвэрийн гүний худгаас олборлож, ариутгагдсан ус 18.8 км үргэлжилсэн шилэн доторлогоотой шугамаар дамжуулан Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дамбадаржаа, Дарь-эх орчмын гэр хорооллын усны хэрэгцээг хангадаг аж. Энэ нь нийслэлийн хүн амын усны хэрэгцээний 20 хувь гэсэн үг юм.