Жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжтой
Өнгөрөгч онд 66.4 сая толгой мал тоолуулсан. Харин үүний 4.4 сая толгой малтай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Өөрөөр хэлбэл, 60 орчим мянган тонныг экспортолсон байна. Энэ нь “Сүүлийн 20 жилийн дээд хэмжээ” гэж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Бэлчээрийн даац, сүргийн эргэлтийг харгалзаж жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй. Дотоодын 19 компани мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй байна. Тухайлбал, “Хатансүйх импэкс”, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, БНСУ-д ясны шөл экспортолж байгаа бол “Очирдагинас” компани БНСУ-д нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолжээ. Тус компани 2018 оны гуравдугаар сард хиам консервын шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсан аж. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн гол тулгуурын нэг болох боломжтой гэж зарим шинжээчид үзэж байна.
Ц.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/