Б.Жаргалан: Хэт халах давтамж 2-3 дахин нэмэгдсэн

Б.Жаргалан: Хэт халах давтамж 2-3 дахин нэмэгдсэн


Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт манай оронд хэрхэн нөлөөлж байгаа болон энэ зуны цаг агаарыг нөхцөл байдлын талаар  ЦУОШГ-ын Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн Ерөнхий инженер Б.Жаргалантай ярилцлаа. 
-Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ ?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр далайн болон дэлхийн гадаргын температур 0.86 хэмээр нэмэгдэж байгаа бол Монгол орны жилийн дундаж температур 1940–2015 оны хооронд 2.24 хэмээр дулаарсан байдаг. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд хэт халалт, хур тунадасны эрчимшил болон агаар мандлын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн. Тухайлбал, дулааны улиралд харьцангуй богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг конвекцийн гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн тохиолдол өсч байна.

Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр дулаарсан бөгөөд зуны улиралд ажиглагддаг хэт халалтын давтамж сүүлийн 20 жилд баруун, зүүн, говийн бүс нутагт хоёр дахин, төвийн бүс нутагт гурав дахин нэмэгдсэн. Ялангуяа өндөр уулын бүс нутагт хэт халалтын давтагдал говь тал хээрийн бүсээс харьцангуй ихээр давтагдаж байгааг судалгаа харуулж байна. 

Дэлхийн уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийн явцад цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэн, учруулах хор хохирол нь улам бүр өсөх хандлагатай байна. Манай улсад улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг арав гаруй төрлийн цаг агаарын үзэгдэл болдог. Нийгэм эдийн засгийн эрсдэлээр нь эрэмбэлвэл ган, зуд, ой хээрийн түймэр, цасан шуурга, уруйн үер, эрс хүйтрэл зэрэг нь голлох гамшигт үзэгдлийн тоонд багтдаг. Дээр дурьдсанчлан дулааны улиралд харьцангуй богино хугацаанд бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг конвекцийн гаралтай буюу ус ихтэй, дуу цахилгаантай гэнэтийн аадар борооны давтагдал харьцангуй ихээр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онуудад учруулсан хохирлыг нь аваад үзвэл 2019 онд аянга цахилгаан, аадар бороо нийт хохирлын 95.6 хувийг, 2020 онд уруйн үер 90.2 хувийг эзэлсэн байна.
-Зарим аймагт долдугаар сар гарчихсан байхад цас орж шуурлаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?
-Зарим жил зуны эхэн сард цас орох үзэгдэл өндөр уулын буюу Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгуудад тохиолддог. Тухайлбал 2004, 2005, 2009, 2020 oнд Завхан, Ховд, Говь–Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар зургадугаар сарын сүүлээр цас орж байсан. Өнгөрсөн зургадугаар сард орсон цасны хувьд өмнөх  өдөр нь хэт халж байгаад хүйтэн агаар хүчтэй түрж орж ирсэнтэй холбоотойгоор уулархаг нутгуудаар цас орсон.
-Ерөнхий дүр зургаар нь харвал энэ зун цаг агаар ямар байх вэ. Өмнөх онуудтай харьцуулахад бороо хур элбэг байх уу? 
-Долоо, наймдугаар сарын агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад Баян–Өлгий, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд, Архангайн баруун өмнөд болон Хөвсгөлийн хойд хэсгээр 8–16 хэм, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 20–26 хэм, бусад нутгаар 16– 20 хэм дулаан байдаг. Тэгвэл энэ оны долдугаар сард нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас илүү дулаарна. Мөн  Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин наймдугаар сард Баян–Өлгий, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Увсын баруун, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд хэсгээр харьцангуй дулаан байх бол бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоо, наймдугаар сард ордог нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 70–100 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм тунадас байдаг. Харин энэ долдугаар сард Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар дунджаас бага, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ахиу хэмжээтэй, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Наймдугаар сард Увс, Ховд, Говь–Алтай, Дорнодын ихэнх нутаг, Завханы баруун, Өмнөговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр бага хэмжээтэй, бусад нутгаар дундаж орчим хур тунадас орох урьдчилсан мэдээтэй байна.
-Долдугаар сард ихэнх хүмүүс аялал зугаалгаар явдаг. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор онцгойлон анхааруулах зүйл бий юу? 
-Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10, өдөртөө 21-26 градус дулаарна. Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 , өдөртөө 27-32 градус хүрч хална. Ялангуяа,энэ долоо хоногт ихэнх нутгаар  нар ээх буюу хэт халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй.

-Нийслэлд бараг өдөр болгон шахуу бороо орж байна. Гол усны түвшин ямар байх вэ? 
-Долдугаар сарын гол мөрний дундаж урсацын урьдчилсан мэдээнээс харахад Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нуруунаас эх авах Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон Балж, Хурх Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Булган  зэрэг голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60 см давсан. Хангайн  нуруунаас эхтэй Завхан , Байдраг, Богд, Чигэстэй, Онги, Цагаантуруут зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна. Бусад ай савын голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа хэдий ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх, түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчид, аялагчид үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Ярицлагаас онцлох эшлэл
♦ Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд хэт халалт, хур тунадасны эрчимшил болон агаар мандлын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн.
♦ Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр дулаарсан бөгөөд зуны улиралд ажиглагддаг хэт халалтын давтамж сүүлийн 20 жилд баруун, зүүн, говийн бүс нутагт хоёр дахин, төвийн бүс нутагт гурав дахин нэмэгдсэн.
♦ 2019 онд аянга цахилгаан, аадар бороо нийт хохирлын 95.6 хувийг, 2020 онд уруйн үер 90.2 хувийг эзэлсэн байна.
♦ Зарим жил зуны эхэн сард цас орох үзэгдэл өндөр уулын буюу Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгуудад тохиолддог. Тухайлбал 2004, 2005, 2009, 2020 oнд Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар зургаадугаар сарын сүүлээр цас орж байсан.
♦ Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 , өдөртөө 27-32 градус хүрч хална.
♦ Голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60 см давсан.
♦ Хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх, түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Дарамбазар

скачать dle 12.0