Н.Моди “Долоогийн бүлэг”-ийн хуралд цахимаар оролцоно
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны урилгыг хүлээн авч, “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зургаадугаар сарын 12-13-нд болох хуралд цахимаар оролцоно
“Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Их Британи энэ удаагийн уулзалтад зочин орны хувиар оролцох урилгыг Энэтхэг, Австрали, БНСУ, Өмнөд Африкт хүргүүлсэн юм. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хурал хосолсон хэлбэрээр явагдах ажээ.
“Удирдагчид эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад анхаарлаа хандуулж, цар тахлаас хэвийн байдалдаа эргэн орох арга замуудын талаар санал бодлоо солилцох төлөвтэй байна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Н.Моди “Долоогийн бүлэг”-ийн уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ юм. Тодруулбал, тэрбээр 2019 онд Францын талын урилгаар Биарриц хотноо болсон уулзалтад оролцож байсан билээ.