“ӨНӨР БҮЛ”-ИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ӨГӨХ САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Шинэ жилийн баярын хамгийн сайхан нь юу вэ. Тэр бол өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг хүүхдийн гэнэн цагаахан сэтгэл билээ. Ээж аавынхаа энэрэл хайраас хол хөндий өсч буй хүүхдүүдийн хувьд ч шинэ жил бол өвлийн өвөөд хүслээ шивнэж, хүсэл нь бэлэг болон ирэх итгэл найдвараа бяцхан алгандаа нандигнаж атгаж суудаг. Нийгэм дэх ийм олон хүүхдийн нэгээхэн хэсэг нь “Өнөр бүл” төвийн бяцхан багачууд юм.
Тэгвэл тэдний алгыг тэнийлгэж, итгэл найдварыг нь услахаар “Долоо хоногийн толь” сонины зүгээс санаачлан, сайхан сэтгэлт хувь хүмүүс, байгууллага хамт олны дэмжлэг тусламжаар сайн үйлсийн аянг зохион байгуулж байна. “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн шинэ жилийн баяр дээр хөөр нэмж, өвлийн өвгөн, цасан охины хамт бэлэг хүргэж өгөх үйлс өнөөдөр боллоо.
“Долоо хоногийн толь” сонины хамт олон өөрсдөө шинэ жил тэмдэглэхийн оронд ийнхүү хүүхдүүдийг баярлуулах санаачлагыг гарган хэрэгжүүлж буй нь энэ ажээ.
Мөн хүүхдүүдэд бэлэг өгөх үйлсийг “Bozollo” хувцасны дэлгүүр, “Ану” гоёл чимэглэл, “Zozo” хүүхдийн хувцасны дэлгүүр, “Принцесс” эмнэлэг, ”Хөөрхөн Хугаш”, “Их эффект” хэвлэлийн компани, “Аргун Трейд” ХХК, “Ботгохон” “Америк бараа”-ны дэлгүүрийн сайхан сэтгэлт хамт олон болон Дорноговь аймгийн Сайншанд сумын “Гоёхон гоёл” хүүхдийн солонгос хувцасны дэлгүүр дэмжиж оролцжээ. Тэд хөөрхөн хүүхдүүдэд зориулж 4D тоглоом, зургийн ном, өвлийн дулаан гутал хувцас, хуруун тоглоом, гэр хүүхэлдэйн театр гээд олон сайхан бэлгийг бүрдүүлэхэд гар бие оролцсонд талархаж байна.
Түүнчлэн "Сандэй" плазагийн 6 давхар 6012 тоот "ММ" гутлын дэлгүүр болон Солонго, Оюун-Эрдэнэ Цолмон, Жавзмаа гэсэн хувь хүмүүс дэмжлэг үзүүллээ.
“Өнөр бүл” төв нь 1974 оноос тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ жил 02-18 насны нийт 200-аад хүүхдийг түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамруулж байгаа аж. Тодруулж хэлбэл, 10-16 насны 100-аад хүүхэд “Өнөр бүл төв-1”-т амьдардаг бол, цэцэрлэгийн насны 80 гаруй хүүхэд Сансарын тойрог дахь ”Өнөр бүл-2” төвд өсч байна. Бүтэн болон хагас өнчин, мөн эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан гэр бүлийн хүүхдүүдийг “Өнөр бүл” төв ийнхүү асрамжлан халамжилдаг ажээ.
Хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг ”Өнөр бүл” төвийн цэцэрлэгийн эрхлэгч Ч.Цэрэнбалжир болон багш сурган хүмүүжүүлэгч хамт олонд бяцхан хүүхдүүдийн өмнөөс чин талархал илэрхийлж байна.
Төрөөс залшгүй анхаарал халамж шаардлагатай эдгээр хүүхдүүдэд туслах, бэлэг болон хэрэгцээт зүйлсээр дэмжин тэтгэх сайн үйлсийн аянг “Долоо хоногийн толь” сонины хамт олон цагаан сар болон хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүдэд ч зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тиймээс иргэд, компани, байгууллагуудыг ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, сайн сайхны төлөө дуу хоолой, сэтгэл зүрхээ бидэнтэй нэгтгэхийг уриалж байна. Монголын хүүхэд болгон аз жаргалаар бялхаж, үргэлж инээмсэглэж байх болтугай.
Б.Батцэцэг