Татварын тогтолцооны гажуудал ба Монгол Улс ядуучуудаасаа татвар авдаг
Татварын мөнгийг юунд зарцуулдаг вэ?
Татвар нь төрийн албан хаагчдын хангамжийг санхүүжүүлдэг. Гэхдээ үнэхээр санхүүжүүлдэг эсэхийг авч үзвэл үгүй байдаг.
Тухайлбал, шүүх нь улсын төсвөөс санхүүждэг ба жилд 45 тэрбум төгрөг байдаг, харин иргэд шүүхээс үйлчилгээ авсны төлөө тэмдэгтийн хураамж, торгууль төлдөг энэ нь жилдээ мөн 40 гаруй тэрбум төгрөг байдаг. Бодиттой хандлагаар аваад үзвэл иргэд төрийн үйлчилгээ авахдаа өөрсдөө шууд төлчихдөг байх нь.Татвар нь төрийн албыг санхүүжүүлэхэд тийм ч хамааралтай биш юм бол дэд бүтцийг санхүүжүүлдэг эсэхийг авч үзье. Мөн замын хураамж, автомашины татвар, цахилгааны төлбөр, дулааны төлбөр, цэвэр бохир усны төлбөр гээд ард иргэд маань тухай бүр, сар бүр, жил бүр шууд төлчихдөг. Тэгэхээр татвараар дэд бүтцийг санхүүжүүлдэг гэдэг нь бас тийм ч хамааралтай биш байх нь. Тэгэхээр татвар нь Ардчилсан нийгэмд яг ямар зорилготой байхыг авч үзье.
Эдийн засаг нь эрэлт, нийлүүлэлт, хуваарилалт, дахин хуваарилалт гэсэн энэ 4-өөс бүрддэг. Ардчилсан чөлөөт капитал эдийн засгийн засагтай нийгэмд бид амьдарч байгаа болохоор эрэлт, нийлүүлэлт, хуваарилалтыг надаар хэлүүлэлгүй бүгд практикаар хар ухаанаар мэддэг. Харин “дахин хуваарилалт” гэж юу вэ гэдгийг зарим нь тэр бүр мэддэггүй. “Дахин хуваарилалт” гэж Монголын нууц товчооны 217, 280-д заасныг хэлдэг. Энгийн үгээр тайлбарлая, хөрөнгө зоорь ихтэй нөхдөөс татвар авч, ядуу тарчиг амьдралтай нэгэнд өгч гар хөнгөн тансаглахгүй ч гэсэн аз жаргалтай амьдрахыг хэлдэг. Үүнийг гүйцэтгэгч нь “Төр” буюу “Засгийн газар” байдаг.
Монгол Улсын татварын тогтолцоо ихээхэн гаж бөгөөд Феодалын нийгэм шиг ядуучуудаасаа татвар авдаг цөөхөн орны нэг юм. Үүнийг авч үзвэл.
Татварын ерөнхий хууль
Энэ хуульд татвар төлөгчдөө хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бага орлого олдог, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй гэдгийг ялгаж өгөөгүй, татвар төлөгчдийг оновчтой дэлгэрэнгүй ангилаагүй. Үүнээс шалтгаалж өөрсдөө татварын албанд очиж татварын тайлан гаргаж татвараа төлдөггүй ч бага орлоготой иргэд асар өндөр татварын дарамтад орж, харин хэт их хэмжээний бизнесийн ашиг хүртдэг иргэд татварын тайлан гаргасан болоод, татвараа тушаасан болоод хууль бус мөнгийг энгийн мэт ашиглах боломжтой болсон. Нийгэмд татвар төлөлтийг уриалж зөв ухагдахуун үлгэрлэл болох ёстой Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, Татвар, Гаалийн тэргүүн нар ойлгомжтой татварын тайлан гаргаж өдөр тутмын веб сайт сониноор мэдээлдэггүйгээс нийгэмд татвар төлөх нь ямар ач холбогдолтой, хэнд ашиг тустай, яаж хаана хэрхэн төлөх нь тийм ч тодорхой бус ойлгомжгүй байдалд байдаг.
Аж ахуйн нэгжийн албан татвар: Энд үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийг санхүүгийн тайлан гаргахаар заасан. Иймээс өгөгдлийг хоосон өсгөдөг. Суутган татвар буюу зардлын татвар нь хэт их тул аж ахуйн нэгжүүд орлогоо нуухаас гадна зардлаа нууж нийгэмд мөнгө угаах явдал жирийн үзэгдэл болж далд эдийн засаг ба мөнгө угаалт хоёр ялгагдахаа больсон. Мөн үүнээс шалтгаалж шударга санхүү татвараа тайлагнадаг жижиг дунд аж ахуйн нэгжийн татварын дарамт татварын өмнөх ашгийн дунджаар 300 орчим хувьтай тэнцэж жижиг дунд бизнес шударгаар хөгжих огтоос боломжгүй болсон. Энгийн үгээр хэлбэл шударгаар санхүү татвараа тайлагнадаг жижиг дунд бизнес эрхлэгчид 1 сая төгрөгийн ашиг олохын тулд Засгийн газарт дунджаар 3 сая төгрөгийн татвар төлөх ёстой болдог ба эсхүл нэг ч төгрөгийн ашиг олохоосоо өмнө татварын дарамтаас болж оновчтой санаа шийдэл байсан ч бизнес нь дампуурдаг. Харин Төрийн бус байгууллага нэртэй хуулийн этгээд байгуулж татвараас зугтаах, мөнгө угаах боломж олгодог.
Хувь хүний албан татвар
Хувиараа бизнес эрхлэгч, цалингаараа амьдардаг ажилтан нарыг ялгаж салгаагүй. Үүнээс улбаалж ченж гэгч этгээдүүд татвараас зугтаах мөнгө угаах боломжтой болж. Зөвхөн цалингаараа амьдардаг жирийн иргэд маань ажилтай орлоготой ч ядуусын эгнээнд шилжих нөхцөл бүрдсэн. Хөнгөлөлт чөлөөлөлтийг олноор зааж хувийг зохистой заагаагүйгээс хөдөлмөрийн хөлснөөс бага орлого олдог ядуу иргэнээс татвар авдаг. “0” хувь хэмжээ мөрдүүлдэггүй. Тухайлбал, компанийн 5%-аас доош хувийг эзэмшдэг, 10 сая төгрөгөөс бага хадгаламж, бонд эзэмшигчид баячуудтай адил хувиар татвар төлдөг. Дэлхийн хөгжсөн улсад ийм иргэд татвар төлдөггүй билээ. Иймээс хичээсэн хичээгээгүй баячууд нь улам баяжиж, нийгмийн дундаж давхаргын шударга иргэн нэг л мэдэхэд ядуусын эгнээ рүү шилжиж, харин ядуучууд маань буцаад нийгмийн дундаж давхарга руу орох боломжгүй шахуу болсон.
Нэмэгдсэн өртгийн албан татвар: НӨАТ-ыг сайжруулсан худалдааны татвар гэж мөрдүүлж эхэлснээс бүх алдаа завхрал эхэлсэн байдаг. НӨАТ нь татвар биш татвар бөгөөд далд эдийн засаг болох татвараас зугтаах явдлыг багасгах зорилготой. Тэрнээс улсын төсөв бүрдүүлэх зорилгогүй юм. Харин худалдааны татвар нь улсын төсөв бүрдүүлдэг. Аль ч тохиолдолд төлөгч нь эцсийн хэрэглэгч болох жирийн иргэд байдаг.
Хэт их хөнгөлөлт чөлөөлөлт байгаагаас худалдааны татвартай адил болсон. Хэрэглээний үнийн индекс буюу инфляцыг тодорхойлогч бараа үйлчилгээ болох мах, сүү, тараг, талх, гурил, будаа, цахилгаан, дулаан, цэвэр бохир усанд НӨАТ-ын “0” хувь хэмжээ ногдуулдаггүй. Засгийн газрын эдийн засгийн зорилго нь инфляцыг барих ёстой боловч феодалын нийгэм шиг ил далдаар ядуу иргэдээ инфляц татвараар мөлждөг болсон.
Онцгой албан татвар
Эдийн засгийг цөхрөлд оруулдаг зүйл бол суудлын автомашин. Учир нь түүний зорчдог замыг барих, түүний жил бүрийн урсгал засвар, шатахуунд асар их хэмжээний үр ашиг багатай мөнгө урсган зарцуулдаг. Үүнийг тогтоох, хэрэглээг хязгаарлахын тулд шинээр автомашин эзэмшигчдэд дэлхийд 180%-ийн татвар тогтоодог. Нэг үгээр хэлбэл 100.000$ ам.долларын жийп автомашин эзэмших гэж байгаа бол 180.000$-ын татвар төлөх ёстой байдаг. Гэвч Монголд 23.200$ ам.долларын татвар төлдөг. Үүнээсээ болж Монгол Улс маань жил бүр хэдэн их наядын алдагдал амсаж улс маань дампуурах тухай яригддаг. Архины татвар дэлхийд 250%-тай байдаг. Учир нь, нийт гарч буй гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь архинаас үүдэлтэй. Тийм учраас хяналт тавихын тулд олон тооны төрийн албан хаагчид болох цагдаа, прокурор, шүүгч, улсын байцаагч авч ажиллуулан төр хангамжийг хариуцдаг. Нэг үгээр хэлбэл 10.000 төгрөгийн архи уухын тулд 25.000 төгрөгийн татвар төлдөг. Гэвч Монголд архины татвар маш бага байдаг.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
Нэг иргэн 30м2 хүртэл талбайтай үл хөдлөх эзэмшдэг бол татвараас чөлөөлөгдөж, өрхийн гишүүний тоогоор үржигддэг. Гэвч маш том орон сууцад амьдардаг баячууд татвар төлдөггүй.
Гэвч Монгол Улсын татварын тогтолцоог засварлахад хамгийн том саад “Хятадын их цагаан хэрэм”-ээс өндөр “ОУВС, Дэлхийн банкны зөвлөмж гэдгээр шалтгалдаг Сангийн яам” гэгчийг давч чадахаа больсон билээ. Уул нь Монголчууд бид түүхэндээ их цагаан хэрмийг хэд хэд удаа давч чадсан байдаг.
Эцэст нь хэлэхэд, Ардчилсан нийгэмд татварын хэмжээг зөв үндэслэлтэй тогтоож байж ард түмэн амар амгалан, улс маань алдагдалгүй, иргэд маань аз жаргалтай амьдрах нөхцөл бүрддэг. Гэвч Монгол Улсын орчин цагийн татварын тогтолцоо Чингис хааны үед ч мөрдөж байсан татварын тогтолцооноос хойшоо ухарч баячууд нь маш бага татвар төлж ядуус нь их татвар төлж дэлхийн жишгээс гажсан байгаа нь үнэхээр харамсалтай.
МННБН-ийн Ерөнхийлөгч Ж.Онон