"Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна

"Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна


"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр" өнөөдөр тохиолоо. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий дахинд, харин манай улс 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх сангийн санаачлагаар тэмдэглэж ирэв. 
Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулж ирсэн юм.

"COVID-19"-ийн цар тахлын хөл хорионы энэ цаг үед "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"-ийг ХНХЯ, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим аяныг зохион байгуулж байна. 
Аяны хүрээнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг заан сурталчилсан постерууд боловсруулан цацаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлийг шийдвэрлэх теле зөвлөгөөг хүргэж байна. 
Мөн өдөр зохион байгуулагч байгууллагуудын нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан үлгэр жишээ гэр бүлүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга туршлагаа хуваалцаж байна. Аяныг 4, 5 дугаар сард зохион байгуулж, нийтдээ 300 мянга орчим эцэг эх,  асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргын мэдээ, мэдээллийг хүргэхээр зорьжээ.

Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргаснаараа нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” хэмээн заасныг сануулан, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна.

скачать dle 12.0